A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 164

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2007 оны 175 дугаар тогтоолд/

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн 17 дугаар хавсралт, Иргэний нисэхийн тухай хуулийн 6.1.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2007 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 175 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр"-т дор дурдсан агуулгатай дараахь нэмэлт оруулсугай:

а) 1.5 дахь заалтад 1.5.47-1.5.50 дахь дэд заалт:

"1.5.47. "ачаа, тээвэр зуучийн байгууллага" гэж агаарын тээвэрлэгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр нисэхийн аюулгүй байдлын үүрэг хүлээсэн байгууллагаас тавьсан шаардлагын дагуу агаараар ачаа, шууданг тээвэрлэх, түүний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагыг;

1.5.48. "аюулгүй байдлын үзлэг шалгалт" гэж эрх бүхий байгууллагаас нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага болон бусад байгууллага Үндэсний хөтөлбөрт заасан аюулгүй байдлын шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих үйл ажиллагааг;

1.5.49. "аюулгүй байдлын хяналт" гэж хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, хориглосон болон сэжигтэй эд зүйлийг нисэх буудал, агаарын хөлөгт нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг;

1.5.50. "үнэмлэхжүүлэлт" гэж нисэхийн аюулгүй байдлын үүрэг хүлээсэн байгууллагаас тухайн этгээд зохих түвшинд өөрийн үүргийг гүйцэтгэх чадвартайг үнэлж, албан ёсоор баталгаажуулах үйл ажиллагааг."

б) 4 дэх заалтад 4.2.10, 4.7.4 дэх дэд заалт:

"4.2.10. агаарын хөлөгт хөндлөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, хориглосон болон сэжигтэй эд зүйлийг нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний журам боловсруулах.

4.7.4. аюулгүй байдлын үзлэгээр зорчигчоос зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, эд зүйл илэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу аюулгүй болгох арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд зорчигчийг саатуулах зорилгоор үзлэгийн цэг дээр цагдаагийн байнгын ажилтан томилж ажиллуулах."

в) 6 дахь заалтад 6.19 дэх дэд заалт:

"6.19. Нисэх буудлын хориотой бүсэд байгаа агаарын хөлөгт зөвшөөрөлгүй этгээд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавина."

г) 7 дахь заалтад 7.9, 7.10 дахь дэд заалт:

"7.9. Агаарын тээвэрлэгч нь зорчигч агаарын хөлгөөс буухдаа эд зүйлээ орхиогүй болохыг шалгаж, баталгаажуулах үүрэгтэй.

7.10. Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлөгт үзлэг, шалгалт хийсний дараа зөвшөөрөлгүй этгээд агаарын хөлөгт нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэгтэй."

д) 8 дахь заалтад 8.24 дэх дэд заалт:

"8.24. Агаарын тээвэрлэгч нь хэв журам зөрчсөн зорчигчид авах аюулгүй байдлын арга хэмжээ, хэв журам зөрчсөн зорчигчийг тээвэрлэх журмыг өөрийн аюулгүй байдлын хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлнэ."

е) 14 дэх заалтад 14.10, 14.11 дэх дэд заалт:

"14.10. Агаарын тээвэрлэгч нь агаарын хөлөг хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн талаархи тагнуулын байгууллагын мэдээ, мэдээллийн дагуу агаарын хөлөгт нуусан зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис болон аюултай эд зүйлийг илрүүлэх зорилгоор үзлэг, шалгалт хийх үүрэгтэй.

14.11. Хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлөг Монгол Улсын нутаг дэвсгэрт газардсан тохиолдолд тухайн агаарын хөлөг цаашид аяллаа үргэлжлүүлэх хүртэлх хугацаанд хууль хяналт болон онцгой байдлын байгууллага, холбогдох бусад байгууллага хөлгийн зорчигч болон нисэх бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авна."

ж) 15 дахь заалтад 15.9 дэх дэд заалт:

"15.9. Ерөнхий газар нь нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага болон тухайн нисэх буудалд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага Үндэсний хөтөлбөрт заасан аюулгүй байдлын шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих зорилгоор тодорхой давтамжтай хяналтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ."

2. Мөн хөтөлбөрийн 8.22 дахь дэд заалтын "Аюулгүй байдал" гэсний өмнө "Зохих журмын дагуу аюулгүй байдлын үзлэг хийлгэсэн зорчигч, тэдгээрийн гар тээшийг агаарын хөлөгт нэвтрүүлэх хүртэл хяналт тавина." гэж нэмсүгэй.

3. Мөн хөтөлбөрийн дараахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

а) 6 дахь заалтын 6.3 дахь дэд заалт:

"6.3. Нисэх буудлын хориотой бүсийг Ерөнхий газар тогтооно."

б) 9 дэх заалтын 9.10 дахь дэд заалт:

"9.10. Тээшийг агаарын хөлөгт ачихаас өмнө тээш ялгах талбай, эсхүл нисэх буудлын тээш хадгалах газарт байрлуулах бөгөөд тээш ялгах талбайд зөвхөн зөвшөөрөл бүхий этгээдийг нэвтрүүлнэ. Зөвшөөрөлгүй этгээд нэвтэрсэн тохиолдолд тээшийг агаарын хөлөгт ачихаас өмнө аюулгүй байдлын үзлэгт дахин оруулна."

в) 14 дэх заалтын 14.4, 14.7 дахь дэд заалт:

"14.4. Нислэг үйлдэж байгаа агаарын хөлөгт хөндлөнгийн хууль бус үйлдэл гарсан тохиолдолд тухайн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг гүйцэтгэж байгаа байгууллага холбогдох мэдээллийг цуглуулж, нислэгийн маршрутын дагуу байгаа болон дайран өнгөрч болзошгүй нислэгийн мэдээллийн бүсийг хариуцаж байгаа нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагад энэ талаар нэн даруй мэдэгдэнэ. Энэ тохиолдолд тухайн агаарын хөлөг газардах магадлалтай нисэх буудал нь аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авсан байна.

14.7. Хөндлөнгийн хууль бус үйлдэлд өртсөн агаарын хөлгийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр газардахыг зөвшөөрч болно. Энэ тохиолдолд хууль хяналт болон онцгой байдлын байгууллага, холбогдох бусад байгууллага газардсан агаарын хөлгийг нисгэхгүй байх бүхий л арга хэмжээг авна."

г)15 дахь заалтын 15.4, 15.5, 15.8 дахь дэд заалт:

"15.4. Ерөнхий газар нь Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд аюулгүй байдлын аудит, үзлэг шалгалт, судалгаа хийх журам боловсруулж, хэрэгжүүлэх бөгөөд энэхүү үүргийг гүйцэтгэх зохих сургалтад хамрагдсан боловсон хүчинтэй байна.

15.5. Ерөнхий газар нь нисэх буудал, агаарын тээвэрлэгч, нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага болон нислэгийн хоол, хүнс бэлтгэх байгууллагын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд жилд нэгээс доошгүй удаа үзлэг шалгалт хийн тайлан гаргаж, илэрсэн дутагдлыг цаг алдалгүй арилгах арга хэмжээ авна.

15.8. Иргэний нисэхийн эсрэг хөндлөнгийн хууль бус үйлдэлтэй холбогдох хэсэгчилсэн дасгал, сургуулилтыг жилд нэгээс доошгүй удаа; бүрэн хэмжээний дасгал, сургуулилтыг хоёр жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна."

4. Мөн хөтөлбөрийн 3.1 дэх заалтын "Агаарын хөлөгт гарсан гэмт халдлага болон зарим онцгой хэргийн тухай" 1963 оны Токиогийн конвенци гэснийг "Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад үйлдлийн тухай" 1963 оны Токиогийн конвенци гэж, "Агаарын хөлгийг хууль бусаар булаан авахтай тэмцэх тухай" 1970 оны Гаагийн конвенци гэснийг "Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай" 1970 оны Гаагийн конвенци гэж, "Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдэл гаргуулахгүй байх тухай" 1971 оны Монреалийн конвенци гэснийг "Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай" 1971 оны Монреалийн конвенци гэж, "Хуванцар тэсрэх бодис илрүүлэх зорилгоор тэмдэглэл хийх тухай" 1999 оны Монреалийн конвенци гэснийг "Хуванцар тэсрэх бодис илрүүлэх зорилгоор тэмдэг тавих тухай" 1991 оны Монреалийн конвенци гэж, "Олон улсын иргэний нисэхэд үйлчилж буй нисэх буудалд хүчирхийллийн хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай" 1999 оны Монреалийн протокол гэснийг "Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай" Монреаль хотноо 1971 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үйлдсэн конвенцийн "Олон улсын иргэний нисэхэд үйлчилдэг нисэх буудал дахь хүч хэрэглэсэн хууль бус үйлдлийг хориглох тухай" 1988 оны Монреалийн нэмэлт протокол гэж тус тус өөрчилсүгэй.

5. Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, биелэлтэд нь хяналт тавьж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аюулгүй байдлын аудитын бэлтгэл ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу хангахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.

5. Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан, биелэлтэд нь хяналт тавьж, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аюулгүй байдлын аудитын бэлтгэл ажлыг тодорхой төлөвлөгөөний дагуу сайтар хангаж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Зам,тээвэр,барилга,хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА