A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 8 дугаар сарын 18-ны

Дугаар 202

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (баруун аймгуудын)

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын Ерөнхий сайд Архангай, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажилласан мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.

2. Ерөнхий сайдын орон нутагт ажилласан мөрөөр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгасугай:

2.1. Төвөөс алслагдсан баруун аймгийн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх болон тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тэдгээрт алслагдсан бүсийн нэмэгдэл олгох асуудлыг судалж, санал боловсруулан 2010 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт;

2.2. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны улсын төсөв болон эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгахыг Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт;

2.3. Хүнсний ногоо тарих, хадлан тэжээл бэлтгэх талаар иргэдээс гарч байгаа санаачилгыг дэмжиж, бага оврын тракторыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх асуудлыг судлан шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2011 оны улсын төсөв, зээл, тусламжийн хүрээнд санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд;

2.4. Хөдөө аж ахуйн бирж болон мах боловсруулах үйлдвэрийн сүлжээ байгуулах, малгүй болсон малчдын банкны зээлийн өрийн зарим хэсгийг Хүний хөгжил сангаас иргэн бүрт хүртээх хишиг, хувиас нөхөн төлүүлэх асуудлыг судалж, саналаа 2010 оны 10 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт;

2.5. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, сангаас олгох зээлийн хэмжээ, нөхцөл, шаардлагыг өөрчлөх асуудлыг судалж, шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд;

2.6. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр иргэд, төрийн бус байгууллагаас тавьсан санал, хүсэлтийг нэгбүрчлэн судалж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллан шийдвэрлэх арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд;

2.7. Могойнголын нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барих, Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан 2010 оны 9 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод.

3. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусгах арга хэмжээ авч байхыг Сангийн сайд С.Баярцогт, холбогдох сайд нарт, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР