- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ(ЕС-ын аймгуудад ажилласан)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 256
Улаанбаатар хот
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ(ЕС-ын аймгуудад ажилласан)
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын Ерөнхий сайд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
2. Дээрх төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөв, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, холбогдох сайд нарт, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, явц, үр дүнг жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт тус тус даалгасугай.
3. Уул уурхайн ашигт малтмалын олборлолтыг нэмэгдүүлэх, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасугай:
3.1. Ашигт малтмалыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүхий л бололцоог судлан "Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор"-ыг байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт.
3.2. Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудын шалган нэвтрүүлэх цогцолбор, суурьшлын бүс, тэдгээрийн дэд бүтцийг ерөнхий төлөвлөгөөний дагуу барьж байгуулах концессын гэрээний ажлыг шуурхай зохион байгуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Төрийн өмчийн хороо (Д.Сугар), тус боомтуудын үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Батбаатар нарт.
3.3. Уул уурхай болон боловсруулах үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдыг дотоодын их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдээр бэлтгэх ажлыг нэгдсэн бодлоготойгоор бүх аймгийг хамруулан зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт.
3.4. Зүүн болон өмнийн говийн уул уурхай, үйлдвэрлэлийн бүс нутгийн хүн амын төвлөрөл, хотжилтын асуудлыг хот байгуулалтын нэгдсэн бодлогын дагуу төлөвлөн зохион байгуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
