A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТҮЛШ,ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭР,КОМПАНИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОННОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 291

Улаанбаатар хот

ТҮЛШ,ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭР,КОМПАНИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Түлш, эрчим хүчний үйлдвэр, компанийн 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтын хүрээнд хийгдэж байгаа ажлуудыг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор бүрэн дуусгахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

2. Түлш, эрчим хүчний зарим үйлдвэр, компанийн 2010-2011 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зайлшгүй шаардлагатай дараахь арга хэмжээг санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй:

2.1. Завхан аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дизель станцын алдагдлын санхүүжилтэд олгохоор Монгол Улсын 2010 оны төсөвт тусгагдсан хөрөнгөөс хэмнэгдсэн 250.0 (хоёр зуун тавин) сая төгрөгийн эх үүсвэрээс "Дулаан Шарын гол" ХК-ийн 2010 оны 10-12 дугаар сарын үйл ажиллагааны зардалд шаардагдах 188.0 (нэг зуун наян найман) сая төгрөгийг, Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумын цахилгаан эрчим хүчний хангамжид зориулан 2010 оны 5 дугаар сар хүртэл БНХАУ-аас импортолсон цахилгааны үнийн зөрүү болох 62.0 (жаран хоёр) сая төгрөгийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын төсвийн багцад зохицуулалт хийх замаар;

2.2. Говь-Алтай аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дизель станцын алдагдлын санхүүжилтэд олгохоор Монгол Улсын 2010 оны төсөвт тусгагдсан хөрөнгөөс хэмнэгдсэн 318.0 (гурван зуун арван найман) сая төгрөгийн эх үүсвэрээс тус аймгийн эрчим хүчний үйлдвэрт дутагдаж байгаа дизелийн түлш худалдан авах.

3. Нүүрс ачилтыг нэмэгдүүлэн нүүрс тээвэрлэх вагоны хангамжийг сайжруулах арга хэмжээ авч ажиллан, дулааны цахилгаан станцуудад 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөцийг 2010 оны 11 дүгээр сарын 20-ны дотор бүрдүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ