- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2011-2012 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 194
Улаанбаатар хот
ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН 2011-2012 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн Газраас ТОГТООХ нь:
1. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар) -нд даалгасугай:
1.1. эрчим хүчний үйлдвэр, компаниудын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн болон туслах тоноглолын засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, нүүрс нөөцлөх ажлыг төлөвлөсөн хугацаанд нь зохион байгуулж, хяналт тавин ажиллаж үр дүнг Засгийн газрын хуралдаанд улирал тутам танилцуулж байх;
1.2. нүүрсний уурхай, эрчим хүчний компаниудын үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад хүрэлцэхүйц хэмжээний дизель түлш, шатахууны нөөцийг бүрдүүлж, хөрс хуулалт, их засвар болон ашиглалтын үйл ажиллагааг жигд зохион байгуулж ажиллах.
2. Энэхүү тогтоолын хавсралтад заасан эрчим хүчний зарим үйлдвэр, компанид 2012 онд шаардлагатай байгаа татаасын тооцоог хянаж, 2012 оны төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.
3. 2011-2012 оны өвлийн их ачааллын үед дулааны цахилгаан станцад хэрэглэх нүүрсний 20-иос доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор төмөр замын нүүрс тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай зохион байгуулан холбогдох арга хэмжээ авч, тээвэрлэлтийн график төлөвлөгөө гарган ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.
4. "Даланзадгадын дулааны цахилгаан станц" ХК, "Увс дулааны станц" ХХК, Ховд аймгийн "Бадамлах дөл" ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг найдвартай хангуулах ажлыг зохион байгуулан мэргэжлийн удирдлагаар ханган дэмжлэг үзүүлэн ажиллаж, засварт шаардагдах хөрөнгийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар), Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нарт, "Увс дулааны станц" ХХК-д 2010-2011 оны өвөл гарсан аваарын улмаас учирсан хохирлыг тус компаниар нөхөн төлүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрт тус тус даалгасугай.
5. Аймгийн төвийн эрчим хүчний үйлдвэр, дулааны станцын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажилд онцгой анхаарч, их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээг цаг хугацаанд нь хийж, нүүрс, шатахуун нөөцлөх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
6. Төмөр зам, иргэний нисэх, газар тариалан, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор улсын хэмжээнд 20-иос доошгүй хоногийн шатахууны нөөцийг бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.
7. Орон нутгийн өмчийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэр, дизель станцыг бүртгэлжүүлж, улсын төсвөөс татаасаар олгож байгаа дизель түлшний зарцуулалтад тавих хяналтын тогтолцоо бий болгож ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар), аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
8. Эрүүл мэнд, харилцаа холбоо, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор цахилгаан эрчим хүчний аваарын нөөц эх үүсвэртэй байлгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
