- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛД ХАМААРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 234
Улаанбаатар хот
ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛД ХАМААРУУЛАХ ТУХАЙ
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.3, 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны Тэргүүн сайд асан, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Да лам Цэрэнчимэдийн дурсгалд зориулан Богд хааны зарлигаар 1914 онд бүтээсэн гэрэлт хөшөөг улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамааруулсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт"-ын "18. Увс аймаг, Улсын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгал" гэсэн хэсэгт "6. Хяргас сумын нутаг, Цогтхайрхан уулын бэлд орших Да лам Цэрэнчимэдийн гэрэлт хөшөө" гэж нэмсүгэй.
3. Да лам Цэрэнчимэдийн гэрэлт хөшөөг мэргэжлийн байгууллагаар сэргээн засварлуулж бэхжүүлэх, хамгаалалтын хашааг барьж байгуулахад зориулан 25.0 (хорин таван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
4. Гэрэлт хөшөөний хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A