- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 312
Улаанбаатар хот
ТӨРИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11.1.6, Харилцаа холбооны тухай хуулийн 20.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэн, дүнг Засгийн газарт танилцуулахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ нарт тус тус даалгасугай:
а) Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, цаашид эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар төрийн албан хаагчдын дунд сургалт зохион байгуулах;
б) төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулах, төрийн байгууллагуудын интернэт орчинг халдлагаас хамгаалах;
в) тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээг зохион байгуулах.
2. Төрийн байгууллагуудыг кибер халдлагаас хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Төрийн холбооны газрыг Кибер аюулгүй байдлын газар болгон өөрчлөн зохион байгуулж, үүнтэй холбогдуулан Төрийн ордны холбоо, техникийн үйлчилгээг үндсэн хөрөнгө, орон тоо, төсвийн хамт Төрийн тусгай хамгаалалтын газарт шилжүүлэх, "Үндэсний дата төв"-ийг төрийн тусгай хамгаалалтад авах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болдод, энэхүү үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, программ хангамжийн чиглэлээр туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ, Харилцаа холбооны зохицуулах хороо (Б.Болдбаатар)-нд тус тус даалгасугай.
3. Ашиглалтын хугацаа дууссантай холбогдуулан төрийн холбооны утасгүй телефон системийг хэрэглээнээс хасч, суурин утасны үйлчилгээг холбогдох төхөөрөмж, зээлийн хамт "Монголын цахилгаан холбоо" ХК-д шилжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг Сангийн сайд С.Баярцогт, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд тус тус даалгасугай.(Энэ заалтыг зарим хэсгийг Засгийн газрын 2019 оны 244 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
4. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд хамрагдаж мэдээ, мэдээллийг уг сүлжээгээр дамжуулж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг болон байгууллагын дарга нарт үүрэг болгож, холбогдох бусад төрийн байгууллагын дарга нарт зөвлөсүгэй.
5. Тусгай хэрэглээний мэдээлэл, холбооны сүлжээнд хамрагдах төр, захиргааны байгууллагын жагсаалтыг хавсралт ёсоор баталж, төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээллийг энэхүү сүлжээгээр дамжуулж байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд үүрэг болгож, холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудад зөвлөсүгэй. (Энэ тогтоолын хавсралтыг Засгийн газрын 2018 оны 311 дүгээр тогтоолоор өөрчлөн баталсан )
6. Тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн холбооны ашиглалтыг сайжруулж, төсөвт зардлыг хэмнэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 197
Улаанбаатар хот
ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ
Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг байгуулах, ашиглах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох байгууллагын жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тагнуулын ерөнхий газар (П.Одонбаатар)-т үүрэг болгосугай.
3. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдож, мэдээ, мэдээллийг уг сүлжээгээр дамжуулж солилцох, ашиглах, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга болон энэ тогтоолын хавсралтаар баталсан жагсаалтад дурдсан байгууллагын удирдлагад үүрэг болгож, холбогдох бусад төрийн байгууллагын дарга нарт зөвлөсүгэй.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 30 дугаар тогтоолын 1, 3 дугаар хавсралт, "Төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 312 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
