A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 31

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ ЭРГЭЖ ТӨЛӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР АШИГЛУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цахим мэдээллийн ялтас бүхий дипломат, албан паспорт хэвлүүлэх зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрт зориулж 486,156.25 (дөрвөн зуун наян зургаан мянга нэг зуун тавин зургаан евро хорин таван цент) евротой тэнцэх хэмжээний хөрөнгийг улсын төсвөөс Гадаад харилцааны яаманд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээний дагуу ашиглуулахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.

2. Нөөцөд байгаа дипломат, албан паспортыг 2012 онд үргэлжлүүлэн ашиглаж, цахим дипломат, албан паспортыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэвтрүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасугай.

3. Улсын төсвийн хөрөнгийг буцаан бүрдүүлэхэд хяналт тавин ажиллахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР