A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • РАШААНЫ ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

/Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр

Улаанбаатар хот

РАШААНЫ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол улсын нутаг дэвсгэрт рашааныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Рашааны тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Рашааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

З дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

Хэвлэх

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "рашаан" гэж өвчнийг сэргийлэх, эмчлэх зорилгоор ашиглах, чанар, нөөц нь тодорхойлогдсон рашаан ус, эрдэст нуур, эмчилгээний шавар зэргийг;

3.1.2. "рашааны орд " гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан ус, эрдэст нуур , эмчилгээний шавар зэрэг байгалийн эмчилгээний хүчин зүйл агуулагдаж байгаа газрыг;

3.1.3. " ариун цэврийн болон хамгаалалтын бүс" гэж рашаан ордыг бохирдох, хомсдохоос хамгаалсан дэглэм тогтоосон талбайг;

3.1.4. "эмчилгээ-сувилгааны зориулалт" гэж өвчнийг эмчлэх, сэргийлэх зорилгоор рашааныг тусгай горимоор хэрэглүүлэхийг;

3.1.5. "үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалт" гэж рашааныг ахуйн хэрэгцээнд болон үйлдвэрлэл, үйлчилгээний бусад чиглэлээр ашиглахыг.

4 дүгээр зүйл. Рашааны эрэл хайгуул, түүний санхүүжилт

Хэвлэх

4.1. Рашааны эрэл хайгуул, судалгааны ажлыг улсын төсвөөр санхүүжүүлнэ.

4.2. Тухайн газрыг эзэмших зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нутаг дэвсгэртээ байгаа рашааны эрэл хайгуул, судалгааны ажлыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж болно.

4.3. Эрэл хайгуулын үед илэрсэн рашааны талаархи мэдээллийг улсын нөөцөд бүртгүүлэх ажлыг хайгуул, судалгаа хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.

5 дугаар зүйл. Рашааны тухай мэдээллийн сан

Хэвлэх

5.1. Рашааны тухай мэдээллийн сан нь рашаан, эрдэст нуур, эмчилгээний шаврын бүртгэл, нөөц, чанар, найрлага, тэдгээрийн өөрчлөлт, ашиглахтай холбогдсон зураглал, ажиглалт, судалгааны тайлан, мэдээ, мэдээллээс бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Рашааныг хамгаалах, ашиглах талаархи төрийн болон

6 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

6.1. Эрүүл мэндийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь рашааныг судлах, зохистой ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1. рашааныг судлах, ашиглах, хамгаалах хөтөлбөрийг боловсруулах;

6.1.2. рашааны стандартыг батлуулах;

6.1.3. рашааны ордыг паспортжуулах;

6.1.4. рашааны эмчилгээний чанарыг тогтоож баталгаажуулах;

6.1.5. рашааныг судлах, ашиглах хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх;

6.1.6. улсын нөөцөд бүртгэгдсэн рашааныг эмчилгээ-сувилгаа, үйлдвэрлэл- үйлчилгээний зориулалтаар хэрэглэх талаар дүгнэлт гаргах;

6.1.7. рашааны тухай мэдээллийн сан бүрдүүлэх;

6.1.8. рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам батлах, сурталчлах.

7 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Хэвлэх

7.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь рашааныг хамгаалах, зохистой ашиглах талаар харьяалах нутаг дэвсгэртээ дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1. нутаг дэвсгэртээ байгаа рашааныг зохистой ашиглах, чанарыг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг батлах;

7.1.2. Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, аж ахуйн нэгж, байгууллагад рашааныг гэрээгээр ашиглуулах тухай шийдвэр гаргах.

8 дугаар зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

8.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь рашааныг хамгаалах, зохистой ашиглах талаар харьяалах нутаг дэвсгэртээ дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1. нутаг дэвсгэртээ рашааныг зохистой ашиглах, чанарыг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг батлуулах;

8.1.2. рашааны хамгаалалтын болон ариун цэврийн дараахь бүсийг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох:

8.1.2.а/ рашааны орд, эх булгийн эргэн тойронд 100 метрт ариун цэврийн бүсийг;

8.1.2.б/ хориглолтын болон хязгаарлалтын бүсээс тогтсон хамгаалалтын бүсийг;

8.1.2.в/ ариун цэврийн бүсийн эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд хориглолтын бүсийг;

8.1.2.г/ хязгаарлалтын бүсийг тухайн рашааны ордын нөөц болон геологийн тогтцын онцлог байдлыг харгалзан мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох.

8.1.3. эмчилгээний стандартад нийцсэн рашааныг хэрэглэх нөхцөлөөр хангахад дэмжлэг үзүүлэх;

8.1.4. рашааныг нөхөн сэргээх, эх булгийг тохижуулах арга хэмжээ авах;

8.1.5. Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн,/ цаашид "иргэн" гэх / аж ахуйн нэгж, байгууллагад рашааныг ашиглуулах гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Рашааныг хамгаалах

9 дүгээр зүйл. Рашааныг хомсдох, бохирдохоос хамгаалах

Хэвлэх

9.1. Хязгаарлалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

9.1.1.тухайн рашааны орд газрын байгалийн баялгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын зөвшөөрөлгүйгээр ашиглах;

9.1.2.рашааныг ашиглахтай шууд холбоогүйгээр барилга байгууламж барих;

9.1.3.хог хаягдлын болон бохир ус зайлуулах байгууламж, цэг байрлуулах;

9.1.4.нефтийн бүтээгдэхүүн, химийн хорт бодис, бусад бохирдуулах зүйлсийг ил задгай хаях, хадгалах;

9.1.5.байгальд сөрөг нөлөөлөл үзүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах.

9.2.Хориглолтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

9.2.1.газрын хөрс,ургамлыг гэмтээх, агаарыг бохирдуулах;

9.2.2.газар тариалан эрхлэх, хадлан өвс бэлтгэх, мал бэлчээрлүүлэх;

9.2.3.ахуйн бохир хуурай хог хаях, хадгалах, бохир усыг ил задгай асгах, бохирын цооног байгуулах;

9.2.4.рашааныг ашиглах зориулалттай барилга байгууламжийг бохир ус зайлуулах байгууламжгүй барих.

9.3.Ариун цэврийн бүсэд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

9.3.1.элдэв металл, хог болох бусад зүйлсийг рашаан усанд хаях;

9.3.2.рашаан авч ашиглахаас өөр зориулалтаар барилга байгууламж барих,тоног төхөөрөмж суурилуулах;

9.3.3.аливаа бохирдол үүсгэх, эм урвалж болон химийн бодисыг хаях, хадгалах.

9.4. Рашааныг ашиглагч нь холбогдох хууль тогтоомж, технологийн горим зөрчсөнөөс рашааны орд, ундарга, нөөц хомсдож, чанар нь алдагдвал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ашиглалтыг зогсоож, нөхөн сэргээх ажлыг гэм буруутай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зардлаар гүйцэтгүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

рашаан ашиглах

10 дүгээр зүйл. Рашааныг ашиглах зориулалт

Хэвлэх

10.1. Рашааныг дараахь зориулалтаар ашиглана:

10.1.1. эмчилгээ-сувилгааны;

10.1.2. үйлдвэрлэл-үйлчилгээний.

11 дүгээр зүйл. Рашааныг ашиглах тухай хүсэлт гаргах, гэрээ байгуулах

Хэвлэх

11.1. Рашааныг ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг аймаг,нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

11.2. Рашаан ашиглахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

11.2.1.нөөцийг бүртгүүлсэн баримт;

11.2.2.рашааныг ашиглах, хамгаалах төсөл;

11.2.3.эрүүл мэнд болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт;

11.2.4.рашааныг ашиглах, хамгаалах төсөлд хийсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр;

11.2.5.рашааны хамгаалалтын болон ариун цэврийн бүс тогтоох тухай санал;

11.2.6.рашааныг савлах, халаалт, эрчим хүчний эх үүсвэрт ашиглах бол Улсын мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт.

/Энэ заалтыг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

11.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад рашаан ашиглуулах тухай гэрээг Эрүүл мэндийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр баталсан журмын дагуу байгуулна.

11.4.Нэг ордыг хэд хэдэн этгээд шинээр ашиглах хүсэлт гаргавал сонгон шалгаруулалт / тендер / -ын журмаар шийдвэрлэнэ.

11.5.Хэрэв хамтран ашиглах бол Засгийн газраас баталсан тусгай журмаар зохицуулна.

11.6.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага рашааныг хэсэгчлэн ашиглах хүсэлт гаргавал анхны гэрээгээр ашиглагчийн саналыг авч, тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

11.7.Рашаан ашиглуулах гэрээний хугацааг Засгийн газраас тогтооно.

12 дугаар зүйл. Рашаан ашиглах зөвшөөрөл олгох

Хэвлэх

12.1. Рашаан ашиглах зөвшөөрөл олгох асуудлыг Усны тухай болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

13 дугаар зүйл. Рашаан ашиглахад тавих шаардлага

Хэвлэх

13.1. Рашаан ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь шаардлагыг биелүүлнэ:

13.1.1. рашаан, эрдэст нуур, эмчилгээний шаврын найрлага, чанарын үнэлгээний үзүүлэлтэд горимын ажиглалт хийлгэн баталгаажуулж, хэрэглэгчдэд ил тод мэдээлж байх;

13.1.2. рашаан ашиглах нөхцөл, технологийн шаардлагын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хаягдал рашааныг цэвэршүүлэх байгууламж барьж ашиглах буюу зайлуулах цэг тогтоолгох;

13.1.3. газрын хөрсийг намагших, эвдрэхэд хүргэхээр барилга байгууламж, далан, суваг, цөөрөм зэргийг байгуулж ашиглахгүй байх;

13.1.4.жил бүр байгаль орчныг хамгаалах талаар хийсэн ажлаа тайлагнаж, ирэх оны төлөвлөгөөг хянуулах;

13.1.5.рашааны ордыг бохирдолт, хомсдолтоос хамгаалах зорилгоор ариун цэврийн болон хамгаалалтын бүсийн хил, заагийг мэдэгдэхүйцээр тэмдэгжүүлэх.

14 дүгээр зүйл. Рашаан ашиглагчийн эрх, үүрэг

Хэвлэх

14.1. Гэрээний дагуу рашаан ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрх, үүрэгтэй :

14.1.1. холбогдох хууль тогтоомж болон рашаан ашиглах гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн бол гэрээний хугацаа дууссан тохиолдолд рашааныг үргэлжлүүлэн ашиглахаар гэрээгээ сунгуулах;

14.1.2. рашаан, түүний чанарыг хамгаалах, зохистой ашиглах тухай хууль тогтоомж, гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;

14.1.3. рашаан, түүний чанарыг хамгаалах арга хэмжээг жил бүр төлөвлөн хэрэгжүүлэх;

14.1.4. рашаан ашиглалтын төлбөрийг хугацаанд нь төлөх;

14.1.5.рашаан ашиглалтын бүртгэл, тайлан хөтөлж, аймаг,нийслэл,сум, дүүргийн Засаг даргад гэрээнд заасан хугацаанд өгөх.

ТАВДУГААР БҮЛЭГ

бусад зүйл

15 дугаар зүйл. Рашаан ашигласны төлбөр

Хэвлэх

15.1. Рашаан ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасны дагуу нөөц баялаг ашигласны төлбөр төлнө.

15.2. Рашаан ашигласны төлбөрийн хэмжээ, төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журмыг Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуулиар тогтооно.

15.3. Тухайн рашааны орд газар оршиж байгаа нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг дарга рашаан ашигласны төлбөрийн 35-аас доошгүй хувийг рашааны орд, түүний чанарыг хамгаалах арга хэмжээнд зарцуулна.

16 дугаар зүйл. Рашааны тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

16.1. Энэ хуулийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

16.1.1. энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу рашаан бохирдохоос хамгаалах шаардлагыг биелүүлээгүй, тэдгээрийн эх үүсвэрийн хамгаалалтын болон ариун цэврийн бүсийн дэглэмийг зөрчсөн иргэнийг 20000-25000 хүртэл, албан тушаалтныг 25000-30000 хүртэл, хуулийн этгээдийг 150000-250000 хүртэл төгрөгөөр торгох;

16.1.2. рашааныг гэрээ, зөвшөөрөлгүй ашигласан буюу горимын хэмжээнээс хэтрүүлэн гэрээгүйгээр ашигласан, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн бол хууль бусаар олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 25000-30000 хүртэл, албан тушаалтныг 35000-40000 хүртэл, хуулийн этгээдийг 140000-150000 хүртэл төгрөгөөр торгох.

16.2. Рашаан ашиглах журмыг зөрчсөн тохиолдолд ашиглах эрхийг нь хүчингүй болгох, эсхүл түдгэлзүүлнэ. Рашааныг ашиглах эрхийг хүчингүй болгох, хязгаарлах, зогсоох нь гэм буруутай этгээдийг хууль тогтоомжид заасан өөр төрлийн хариуцлагаас чөлөөлөхгүй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ