A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ҮЗЛЭГИЙН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2004 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 150

Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын үзлэгийн явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай

2. Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг мэдээллийн технологийн үндсэн дээр шинэчлэн сайжруулах, архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын зохистой нөхцөлийг бүрдүүлэх, архив, бичиг хэргийн ажилтнуудыг мэргэшүүлэх, давтан сургахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосугай.

3. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа архив, бичиг хэргийн ажилтнуудыг сургаж бэлтгэх, мэргэшлийг нь дээшлүүлэх талаар дор дурдсан арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт тус тус даалгасугай:

а)архив, бичиг хэргийн ажилтныг сургаж бэлтгэх нэгдсэн тогтолцоо бий болгох асуудлыг судалж шийдвэрлэх;

б)байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнуудад мэргэшлийн зэрэг олгох журам тогтоож мөрдүүлэх.

4. Төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх талаар нэгдсэн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хамт 2005 оны эхний хагас жилд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

5. Архивын тухай хуулийн 14.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5 дахь заалтын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газрын тосныхоос бусад геологийн хайгуулын бүх төрлийн ажлын тайлан, холбогдох материалыг төвлөрсөн журмаар хадгалах, ашиглах, мэдээллийн нэгдсэн сан байгуулах зорилгоор нэг хувийг нь Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологийн мэдээллийн төвд шилжүүлж байхыг холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ