A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 1994 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 198

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 1994 онд санхүүжүүлэх төсөл, барилга байгууламжийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтын; /Засгийн газрын 1994 оны 122 дугаар тогтоолоор хүчингүй/ замын сангийн хөрөнгөөр санхүүжих авто зам, гүүрийн жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгах нь:

а)улсын төсвийн төвлөрсөн хөрөнгө оруулалт, замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг зориулалтын дагуу хуваарилж, гүйцэтгэлд нь тогтмол хяналт тавьж байхын зэрэгцээ мөнгөний ханшны болон үнийн өөрчлөлтийн түвшин, зураг төслийн бэлэн бололт, материал, хийц, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт зэрэгтэй уялдуулан шаардлагатай зохицуулалтыг шуурхай хийж ажилласугай;

б)Засгийн газрын тусгай сангууд, төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг харилцан тохиолцож нэгдсэн бодлоготой уялдуулан зохицуулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх арга хэмжээ авч хөрөнгийн ашиглалтын байдалд хяналт тавьж байсугай;

в)үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд үндэсний үйлдвэрүүдийн хэвийн үйл ажиллагааг ханган нөхцөл бүрдүүлэх, өндөр үр ашигтай төсөл хэрэгжүүлэх, хөнгөн үйлдвэрүүд, газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцийн салбарт техникийн шинэчлэлт хийх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд "санхүүгийн нөөц хөрөнгө"-өөс дэмжлэг үзүүлэх тодорхой санал боловсруулан шийдвэрлүүлж байсугай.

3.улсын төвлөрсөн хөрөнгө оруулалт, Засгийн газрын тусгай сангаас санхүүжигдэх төсөл, арга хэмжээг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлж ашиглалтад оруулахад хөрөнгө, материал, ажиллах хүчний нөөцийг төвлөрүүлэх, хөрөнгийг аль болох хэмнэлттэй зарцуулан хөрөнгийн ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, хэрэгжилтийн явцыг улирал тутамд Үндэсний хөгжлийн газар, Сангийн яаманд тайлагнаж ажиллахыг холбогдох сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, хот, хороодын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН