- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
1996 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 15
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар 1996 онд санхүүжүүлэх төсөл, барилга байгууламж, арга хэмжээний жагсаалтыг нэг, хоёр, гуравдугаар хавсралтын ёсоор баталсугай.
2.Хоригдлын ажлын байр бий болгоход зориулан төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнээс хорих байгууллагуудаар гүйцэтгүүлэх барилга байгууламжийн жагсаалтыг дөрөвдүгээр хавсралтаар баталсугай.
3.Түлш, эрчим хүчний болон хоригдлын ажлын байр бий болгох зориулалттай төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нөөц бололцоог дайчлах арга хэмжээний төлөвлөгөөг хамтран зохиож ажиллахыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/, Хууль зүйн яам /Н.ЛУВСАНЖАВ/, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
4.Өмч хувьчлалын сангаас улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрт зориулах хөрөнгийг энэ тогтоолын 5 дугаар хавсралтад заасны дагуу сар бүрийн эхний 10 хоногт багтаан төсөвт төвлөрүүлж байхыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс /Л.ЭНЭБИШ/-т даалгасугай.
5.Авто бензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн авто бензин, дизелийн түлшний татварын 1996 оны орлогыг замын санд 100 хувь төвлөрүүлэхээр тогтоосугай.
6.Монгол Улсын төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5 дугаар заалт, Хилийн цэргийг удирдах газрын хүсэлтийг үндэслэн Оюуны ундраа ББХК-ны гаалийн татвараас төлөгдөөгүй байгаа 330 сая төгрөгийг 1996 оны төсөвт нэмэгдэл орлогын хэлбэрээр оруулж, уг орлогыг Хилийн цэргийг удирдах газар Оюуны ундраа ББХК-аас улсын хилийн хамгаалалтын хэрэгцээнд худалдан авсан МИ-8 нисдэг тэрэгний үнийн дутуу төлөгдсөн хэсгийн санхүүжилтэд хөрөнгө оруулалтаар олгох замаар уг нисдэг тэрэгтэй холбогдсон төлбөр тооцоог дуусгавар болгохыг Батлан хамгаалах яам /Ш.ЖАДАМБАА/, Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д зөвшөөрсүгэй.
/ЗГ-ын 1996 оны 106 дугаар тогтоолоор хүчингүй./
7.Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад тогтмол хяналт тавих оновчтой систем бий болгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авч, шаардлагатай зохицуулалтыг шуурхай хийж байхыг Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/, Өмч хувьчлалын комисс /Л.ЭНЭБИШ/-т тус тус даалгасугай.
/Тогтоолын 1, 2 дугаар хавсралтаас 1996.9.12-ны өдрийн 237 дугаар тогтоолоор зарим хэсгийг хүчингүй болсонд тооцсон/
8.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Авто тээврийн хэрэгслээс замын хураамж авах журам тогтоох тухай" Сайд нарын Зөвлөлийн 1968 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 55 дугаар тогтоол, "Эдийн засгийг зах зээлийн зохицуултад зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолын 15 дугаар зүйл, "Монгол Улсын 1994 оны төсвийн гүйцэтгэлийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолын 10 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A
