A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ХИЛИЙН ХАМГААЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 30

Оросын Холбооны Улстай хиллэсэн хэсэгт гарч байгаа хилийн зөрчил, малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төрийн захиргааны байгууллага, иргэдээс тавьсан саналыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндоржид даалгах нь:

а/Увс аймгийн Хилийн төлөөлөгчдийг удирдах газарт Хэрэг бүртгэх алба байгуулах, мөн аймгийн Баруунтурууны комендатурт хэрэг бүртгэгч томилон ажиллуулах асуудлыг 1999 оны 6 дугаар сарын 1-ний дотор багтаан шийдвэрлэсүгэй;

б/Увс, Завхан, Хөвсгөл аймгийн ОХУ-тай хиллэсэн улсын хилийн хамгаалалтын нягтралыг сайжруулбал зохих хэсгийг нарийвчлан тогтоож, тэдгээрийг мөр хянах зурвас, торон саад, инженерийн бусад байгууламжтай болгох арга хэмжээг 1999-2000 онд багтаан авсугай;

в/Хилийн цэргийг удирдах газрын захиалгын дагуу Увс, Завхан, Хөвсгөл аймгийн хилийн застав, отрядыг шаардлагатай автомашин, техник хэрэгслээр хангах арга хэмжээг энэ оны эхний хагаст багтаан авсугай;

г/хилийн застав, харуулд алба хааж байгаа офицер, ахлагч нарыг хүнсний нормтой болгох асуудлаар төсөл боловсруулж энэ оны 4 дүгээр сарын 1-ний дотор багтаан Засгийн газарт оруулсугай.

2.Гадаад харилцааны сайд Н.Туяад даалгах нь:

а/улсын хилийн хамгаалалтын асуудлаар ОХУ-тай байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг өөрчлөх, тодотгох, шинэчлэх талаархи саналын тухай төслийг Батлан хамгаалахын сайдтай хамтран боловсруулж энэ оны 6 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт орууулсугай;

б/БНМАУ, ЗСБНХУ /хуучин нэрээр/-ын хооронд 1958 оны 3 дугаар сарын 26, 1976 оны 10 дугаар сарын 19-нд байгуулсан хилийн тухай хэлэлцээрүүдийг бүртгүүлэх асуудлыг 2000 онд багтаан НҮБ-д тавьж шийдвэрлүүлсүгэй;

в/хоёр талын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, хилийн зөрчил, малын хулгайн асуудлыг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Монгол Улсын Төлөөлөгчийн газрын Кызыл хотод байгуулах талаархи саналаа энэ оны 10 дугаар сарын 1-ний дотор багтаан ОХУ-ын холбогдох байгууллагад зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлсүгэй..

3.Увс, Завхан, Хөвсгөл аймгийн ОХУ-тай хиллэсэн хэсгийн хил хамгаалалтыг сайжруулах, бэхжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлыг тооцож, 1999 оны сүүлийн хагасаас эхлэн жил тутам төвлөрсөн арга хэмжээний төсөвт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авч байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж нарт даалгасугай..

4.Хууль зүйн сайд Л.Цогт даалгах нь:

а/Увс, Завхан, Хөвсгөл аймгийн төвийн болон Увс аймгийн Сагил, Баруунтуруун сумын цагдаагийн байгууллагын хүчийг бэхжүүлэх, тэдгээрийг шаардагдах техник хэрэгслээр хангах арга хэмжээ авах замаар хилийн бүсэд малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлсүгэй;

б/Увс, Завхан, Хөвсгөл аймгийн хилийн отряд, заставтай мэдээлэл солилцох холбооны сүлжээ бий болгохын хамтаар хилийн зөрчил, малын хулгайн асуудлаар Хилийн цэргийг удирдах газартай харилцан ажиллах журмыг 1999 оны 4 дүгээр сард багтаан гаргаж мөрдүүлэх арга хэмжээ авсугай. .

5.Хил хамгаалалтын холбооны хангалтыг сайжруулах арга хэмжээг гадаад орон, олон улсын байгууллагын төслийн хүрээнд хамруулан 2000 онд багтаан шийдвэрлэхийг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүүд даалгасугай.

6.Гүйцэтгэх ажлын шугамаар хилийн хамгаалалтыг сайжруулах, түүнчлэн харилцан ажиллах, мэдээлэл солилцох ажлыг шуурхай болгохын хамтаар Увс аймгийн Баруунтуруун зэрэг хилийн зөрчил, малын хулгай ихэвчлэн гардаг чиглэлүүдэд гүйцэтгэх ажлын хүч, хэрэгслийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж.Энхнасанд даалгасугай..

7.Увс, Завхан, Хөвсгөл аймгийн Засаг дарга Ц.Баатар, Л.Дашзэвэг, Л.Батсуурь нарт даалгах нь:

а/улсын хил хамгаалалтад зориулсан зардлыг "Хилийн тухай" хуулийн дагуу сумдын төсөвт жил тутам тусгуулах, хилийн цэргийн анги, салбаруудыг бэхжүүлэхэд санхүүгийн болон материалын дэмжлэг үзүүлэх, ажиллагсдынх нь ажиллах нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авч байсугай;

б/улсын хил хамгаалалтад нутгийн иргэдийн оролцоог өргөтгөх, аймаг, сум, багийн Засаг даргын дэргэдэх хил хамгаалалтад туслах зөвлөлийг бэхжүүлэх, гишүүдийг хил хамгаалалтад идэвхтэй оролцуулж байх арга хэмжээ авсугай;

в/хил орчимд амьдарч байгаа иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон нийтийн арга хэмжээг ОХУ-ын хил орчмын төрийн захиргааны байгууллагатай хамтран жил бүр зохион байгуулж байсугай;

г/малын хулгайн зөрчил, гэмт хэргийг илрүүлэхэд идэвх зүтгэл гаргасан иргэд, хилчдийг урамшуулах журам, болзлыг энэ оны 4 дүгээр сард багтаан Хилийн цэргийг удирдах газартай хамтран гаргаж хэрэгжүүлэх арга хэмжээ авсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ