A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УРГАЦ ХУРААЛТ, ХАДЛАН ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 131

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Гаалийн хуульд нэмэлт оруулах тухай" Монгол улсын хуулиар Монгол улсын Гаалийн хуулийн 15 дугаар зүйлд оруулсан нэмэлтийг үндэслэн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх зориулалттайгаар гадаадаас 1993 оны 8-10 дугаар сард авах хөдөө аж ахуйн машин техник, тэдгээрийн сэлбэг хэрэгслийн импортын гаалийн албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр тогтоосугай. /Засгийн газрын 1994 оны 16 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.Ургац хураах, хадлан тэжээл бэлтгэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах болн энэ ажлыг орон нутагт газар дээр нь зохион байгуулахаар Засгийн газрын төлөөлөгч томилон ажиллуулах, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэх ажилд туслах оюута, сурагч, тээвэрчдийн ажил байдалтай танилцах, ургца хураалтын үеэр Монголын радиогоос "Ургацын далай" нэвтрүүлэг бэлтгэж явуулахад дэмжлэг үзүүлэхтэй холбогдуулан Улсын ургацын комиссын 1993 оны төсвийг 2,6 сая төгрөгөөр нэмэгдүүлэхийг Сангийн сайд Д.Даваасамбууд зөвшөөрсүгэй.

3.Сангийн сайд Д.Даваасамбуу, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд нарт даалгах нь:

а)Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу хүн амын мах, гурилын зайлшгүй хэрэгцээг тогтвортой хангах зорилгоор мал, мах бэлтгэл, уринш боловсруулалт, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэхэд шаардагдах шатахуун, тээврийн зардал болон гадны байгууллагаас очиж ажиллагчдын хөдөлмөрийн хөлсийг төлөхөд зориулсан зээлийн хүүгийн зөрүүг зээл авах аж ахуйн нэгж, байгууллагатай тодорхой гэрээ байгуулсны үндсэн дээр нөхөж олгох арга замыг 8 дугаар сарын 25-ны дотор Монгол банктай тохиролцож, уг зээлийг зориулалтаар нь ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж ажилласугай;

б)хөдөө аж ахуйн байгууллагуудын үр ашиг, төлбөрийн чадварыг дээшлүүлэх,аж ахуйг эрхлэх арга барилыг сайжруулах замаар өөрийгөө санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн зээлийн хүү өдөр, инфляци ихтэй байгаа өнөөгийн нөхцөлд мах, гурилын үйлдвэрлэлийг зээлийн хүүгийн хөнгөлөлтөөр урамшуулах асуудлыг судалж энэ оны 11 дүгээр сард багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлсүгэй.

4.Хадлан тэжээл, ургац хураалтын бэлтгэлийг хангах, Засгийн гарын захиалгатай бүтээгдэхүүн нийлүүүлэхэд зориулан бүтээгдэхүүнийг хүлээн авах байгууллагад 200 саяас доошгүй төгрөгийн зээлийн эх үүсвэрийг 8 дугаар сарын 20-ны дотор гаргаж өгөхийг Худалдаа, хөгжлийн банк (н.САНДАГДОРЖ)-д даалгасугай.

5."Улсын ургацын комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" 1992 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1 дүгээр тогтоолын нэгдүгээр зүйлийн "дэд даргаар Засаг захиргааны тэргүүн дэд сайд" гэснийг "дэд даргаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга" гэж, "гишүүнээр эрүүл мэндийн дэд сайд" гэснийг "Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын ерөнхий захирал" гэж, "Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дэд дарга" гэснийг "Нийслэлийн Засаг даргын орлогч" гэж тус тус өөрчилсүгэй.

6.Монголын оюутны холбооны саналыг үндэслэн Улсын ургацын комиссын гишүүдийн бүрэлдэхүүнд Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргыг нэмж оруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ