A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УТАА БАГАТАЙ, ТҮЛШНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЗУУХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ

2001 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 70

"Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал хөтөлбөр"-ийн бодлогын баримт бичигт тодорхойлсон "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх", "Томоохон хот, суурин газруудын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж хог хаягдлыг дахин боловсруулах замаар иргэдийн амьдрах орчинг сайжруулах" тухай тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Байгаль орчны сайд У.Барсболд нарт даалгах нь:

а/Байгаль орчны яамнаас зохион байгуулсан "Гэрийн өвлийн зуух (пийшин)-ны утаа багатай, түлш хэмнэдэг загвар шалгаруулах уралдаан"-д шалгарсан шинэ загварын зуухыг 2001 оны Ш улиралд багтаан эхний ээлжинд 15000 ширхэг үйлдвэрлэх арга хэмжээ авсугай;

б/шалгарсан загварын гэрийн зуухаар нийслэлийн гэр хорооллын айл өрхийг бүрэн хангах арга хэмжээг 2004 онд багтаан авсугай.

2. Зуух үйлдвэрлэхэд шаардагдах 190,0 (нэг зуун ерэн) сая төгрөгийн эх үүсвэрийг зохих хууль тогтоомжийн дагуу санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

З. Зуух үйлдвэрлэхэд зарцуулсан 1000 тн төмрийн үнийг Японы төслийн бус санд төвлөрүүлэх арга хэлбэрийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2002 оны үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4. Нийслэл хотын дүүрэг, гэр хорооллын агаарын бохирдлын түвшин, утааны нягтрал, газар зүйн байршил, ноёлох салхины чиглэл зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан гэр хорооллын айл өрхийг шинэ загварын зуухаар дэс дараатайгаар хангах, түгээх, борлуулах арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Нийслэл, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Гал түргэн асаах, түлш хэмнэх, утаа тортогийг бүрэн шүүх чиглэлээр дэвшилттэй зуух зохион бүтээх, утааны найрлагыг шинжлэн судлах, агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаад судалгаа хийх ажлыг байнга зохион байгуулж, дэмжиж байхыг Байгаль орчны сайд У.Барсболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нарт даалгасугай.

6. Шинэ загварын зуухыг хэрэглэж буй нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хяналт-шинжилгээг тогтмол хийж, тухайн нутаг дэвсгэрийн агаарын бохирдлын түвшинг тогтоох зорилгоор агаарын бохирдлыг хянах суурин харуулыг байгуулж ажиллуулахын зэрэгцээ "Агаар бохирдуулсны хариуцлагын тухай хууль"-ийн төслийг 2001 онд багтаан боловсруулж Засгийн газарт оруулахыг Байгаль орчны сайд У.Барсболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД