A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УУЛ УУРХАЙН АВРАХ АЛБАНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 25

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Уул уурхайн аврах албаны ажлын онцлогийг харгалзан өндөр хөгжилтэй орнуудын хамтын ажиллагаа, техник туслалцааны шугамаар тус ангийн аврах бүрэлдэхүүнийг давтан сургах, дадлага хийлгэх, аврах ажиллагаанд нэн тэргүүнд шаардагдах орчин үеийн хэмжих, хянах, хамгаалах, аврах болон шуурхай үйлчилгээний техник хэрэгслийг худалдан авах хөрөнгийн хэмжээг нарийвчлан тооцож, жил бүрийн улсын төвлөрсөн төсвийн хөрөнгөд тусган хэрэгжүүлж байхыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

2.Аврах ажиллагаанд эхний ээлжинд шаардлагатай тоног төхөөрөмжийг олж нийлүүлэх, тэдгээрийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваад үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Уулын цэрэгжүүлсэн аврах анги байгуулах тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 633 дугаар тогтоол, "Нүүрсний хангамжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 2-ний өдрийн 68 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙД Г.НЯМДАВАА