- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УУЛ УУРХАЙН АВРАХ АЛБАНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр
Дугаар 128
Улаанбаатар хот
УУЛ УУРХАЙН АВРАХ АЛБАНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Газрын хэвлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад гарч болох аливаа аваар ослоос урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн нэгдсэн удирдлагаар хангах, сургалт зохион байгуулах, ослын үр дагаврыг шуурхай арилгах чиглэлээр Эрдэс баялаг, эрчим хүчний яамны харъяа Уул уурхайн аврах албаны бүтэц, зохион байгуулалтыг одоогийн орон тоонд нь багтаан өөрчлөн зохион байгуулж, тус албаны чадавхийг бэхжүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгосугай.
2. Уул уурхайн аврах албаны албан хаагчдад тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, баталгаа, тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.
3. Гадаад орны уул уурхайн аврах байгууллагын туршлага судлах, аврах албаны ажилтнуудыг давтан сургах, мэдлэг чадварыг дээшлүүлэн аврах ажиллагаанд зайлшгүй шаардлагатай орчин үеийн техник, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах хөрөнгийг жил бүр Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A
