A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ТӨСВИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 119

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу улсын төсвийн удирдлагыг сайжруулж, төсвийн бүтэц, үзүүлэлтийн ангиллыг боловсронгуй болгох, татвар, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, нийгмийн хөгжлийн арга хэмжээ, түүний дотор төсвийн байгууллагад ажиллагчдын цалин, иргэдийн тэтгэврийн талаар дэвшүүлсэн зорилтыг үе шаттай хэрэгжүүлэх, олон улсын санхүүгийн байгууллагуудтай тохиролцсон хөтөлбөрүүдэд Монголын талын хүлээсэн үүргийг биелүүлэх үндсэн дээр ядуурлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг хангах зориулалт бүхий гадаадын зээл, тусламжийн ашиглалтын явцыг эрчимжүүлж, үр ашгийг нь дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Улсын төсвийн удирдлагын шинэчлэлтийг хэрэгжүүлэх талаар Засгийн газрын баримтлах чиглэл"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Төрийн албанд ажиллагчдын цалин, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд 2003-2004 онд шаардагдах санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийг дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт, төрийн албаны болон нутгийн засаг захиргааны бүтэц, зохион байгуулалт, төсвийн зардлын удирдлага, тэтгэврийн даатгал, татварын тогтолцоонд шинэчлэл хийх, бүтцийн шинэчлэлийг дэмжих тусгай сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх замаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсүгэй.

3. Энэ тогтоолын 2-т заасныг удирдлага болгон төвлөрсөн хийгээд орон нутгийн төсвөөс санхүүждэг төсвийн бүх шатны байгууллага нь ажиллагчдынхаа цалинг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтын хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхэд 2003-2004 онд нэмж шаардагдах хөрөнгийн 30-аас доошгүй хувийг өөрийн салбар, нутаг дэвсгэрийнхээ байгууллага, нэгжийн бүтэц зохион байгуулалтад шинэчлэл хийж, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлсний дүнд чөлөөлөгдөх хөрөнгийн эх үүсвэрээр хангахаар тооцож, 2003 оны төсвийн төсөл,2003-2005 оны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж, Улсын төсвийн тухай хуульд заасан хугацаанд зохих шатны байгууллагад оруулахыг төсвийн бүх шатны эрх захирагч нарт даалгасугай.

4. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээтэй уялдуулан улсын төсвийн 2003-2005 оны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулан энэ оны 6 дугаар сард багтаан Засгийн газарт оруулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

5. Бүтцийн өөрчлөлт болон цалин, тэтгэврийн шинэчлэл хийх богино, урт хугацааны хөтөлбөр боловсруулж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үүсч болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хамгааллын нэмэлт арга хэмжээ авахад шаардагдах эх үүсвэрийн тооцоог гаргаж, энэ талаар авах арга хэмжээний санал боловсруулан Засгийн газарт оруулах, шаардлагатай гэж үзвэл энэ чиглэлээр бүтцийн шинэчлэлийг дэмжин тогтворжуулах тусгай сан байгуулах асуудлыг хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.

6. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээтэй уялдан холбогдох хууль тогтоомжид зохих нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх асуудлыг судлан боловсруулж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР