A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НӨХЦӨЛТЭЙГЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 275

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Их тэнгэр" цогцолборыг дулааны төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг 2006 онд өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн ашиглалтад оруулж хөрөнгө оруулалтаа улсын төсвөөс 2008 онд нөхөн авах нөхцөлтэйгээр холбогдох хууль тогтоомжийн дагуу хязгаарлагдмал тендер зарлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд, Тагнуулын ерөнхий газрын дарга Н.Ганболд нарт даалгасугай.

2. "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж байгаа 18 дугаар худгаас Замын-Үүд хүртэл 124 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд дутагдаж байгаа эх үүсвэрт ногдох ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн ашиглалтад оруулж, хөрөнгө оруулалтаа улсын төсвөөс 3 жилийн дотор нөхөн авах нөхцөлтэйгээр холбогдох хууль тогтоомжийн дагуу тендер зарлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ