A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 82

Улаанбаатар хот

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын тэргүүний (загвар) сумаар Булган аймгийн Сэлэнгэ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Дарви сумыг шалгаруулж, тус бүрийг гэрчилгээ, 100.0 (нэг зуун ) сая төгрөгөөр шагнасугай.

2. Шагналд зарцуулах 400.0 (дөрвөн зуун) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

3. Орон нутгийн Хурал, Засаг даргын бүрэн эрхийн хугацаатай уялдуулах зорилгоор улсын тэргүүний сум шалгаруулах ажлыг 2012 онд зохион байгуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт даалгасугай.

4. Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын тэргүүний (загвар) сум шалгаруулах болзол"-ын 3.1-д "12 дугаар сарын 20-ны" гэснийг "З дугаар сарын 1-ний" гэж, 3.2-т "дараа оны 1 дүгээр сарын 15-ны" гэснийг "4 дүгээр сарын 1-ний" гэж, 3.3-т "мөн оны 2 дугаар сарын 1-ний" гэснийг "5 дугаар сарын 1-ний" гэж, 3.4-т "шагнаж, сар шинийн баярын өмнө гардуулна." гэснийг "шагнана." гэж тус тус өөрчилсүгэй.

5. Мөн болзлын 2.1.19 дэх заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

"2.1.19. Сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн үйл ажиллагаа явуулах бололцоог бүрдүүлж, мал эрүүлжүүлэх, үржлийн ажлын чанар, хүртээмжийг сайжруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй, баталгаат байдлыг хангах талаар тодорхой үр дүнд хүрсэн байх."

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР