- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНЭ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ҮНЭ ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1996 оны 8 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 222
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн "Суурь үнийг чөлөөлөх тухай" 39 тоот тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төвийн районы нүүрсний уурхайнуудаас олборлож буй нүүрсний үнийг 1996 оны 9 дүгээр сарын 1-нээс дунджаар 45 хувиар, Төвийн эрчим хүчний системээр дамжуулан борлуулж буй цахилгаан, дулааны үнийг 1996 оны 9 дүгээр сарын 10-наас дунджаар 60 хувиар, Нефть импорт концерн (төрийн өмч давамгайлсан) хувьцаат компанийн нефтийн бүтээгдэхүүний үнийг 1996 оны 9 дүгээр сарын 1-нээс шатахууны нэр төрөл, бүс нутгаас хамааруулан дунджаар 29-60 хувиар нэмэгдүүлэн тогтоож мөрдүүлсүгэй.
2.Нефтийн бүтээгдэхүүний үнийг дэлхийн зах зээлийн үнэ болон төгрөгийн чөлөөт валюттай харьцах ханшны өөрчлөлттэй уялдуулан тухай бүр өөрчлөн зохицуулж байхыг "НИК" хувьцаат компани (Ж.МАНЬБАДАР)-д даалгасугай.
З."Эрчим хүчний тухай" Монгол Улсын хуулийн дагуу нүүрс, цахилгаан, дулааны үнийг цаашид зах зээлийн зарчимд нийцүүлэн өөрчилж ажиллахыг Дэд бүтцийн хөгжлийн яам (Г.НЯМДАВАА)-д даалгасугай.
4.Үнэ чөлөөлж байгаатай уялдан төвлөрсөн болон орон нутгийн төсөвт шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар Монгол банктай хамтран ажиллахыг Сангийн яам (П.ЦАГААН)-д даалгасугай.
5.Үнэ чөлөөлж байгаатай холбогдуулан хүн амын амьжиргааны түвшинг тодорхой хэмжээгээр хамгаалах зорилгоор төвийн эрчим хүчний системээр нэг өрхөд борлуулж байгаа 100 киловатт цагийн цахилгааныг (1997 оны 5 дугаар сарын 10 хүртэлх хугацаанд) хуучин үнээр, түүнээс давсан болон тоолуургүй хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааныг шинэ үнээр тооцож байхаар тогтоосугай.
6.Түлш, эрчим хүчний үйлдвэрүүд болон нефтийн бүтээгдэхүүнийг импортлогч байгууллагуудын үйлдвэрлэл, борлуулалтын ажиллагааны зардлыг багасгах, нэгжийн өөрийн өртгийг хямдруулах, аливаа үргүй зардлыг арилгахад чиглэсэн удирдлагын бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яам (Л.НЯМСАМБУУ), Дэд бүтцийн хөгжлийн яам (Г.НЯМДАВАА)-д тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ
Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА
Текст томруулах
A
A
A
