- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2005 оны 3 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 44
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, "Ногоон хэрэм" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 2005-2006 оны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтад ЗГ-ын 2012-11-3-ны өдрийн 117-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон/
2. Байгаль орчны сайд У.Барсболдод даалгах нь:
а/хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах менежментийг зөв сонгож ойжуулалтын, усны зэрэг байгаль-экологийн бусад хөтөлбөр, гадаргын усны нөөц, чийгийг нэмэгдүүлэх санал, санаачилгатай нягт уялдуулж байсугай;
б/тухайн бүс нутгийн байгаль орчинд ургах, амьдрах чадвартай орон нутгийн болон гадаадын бусад орнуудад ургадаг мод, бут, сөөг, ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийвчлан тогтоон ашиглаж "Ногоон хэрэм" хөтөлбөрийн үр дүнг дээшлүүлэх арга хэмжээг байнга авсугай;
в/говь, хээрийн бүсэд "Ногоон хэрэм" байгуулах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран шийдвэрлэсүгэй;
г/хандивын тоглолт хийлгэх, сугалаа гаргах зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах замаар "Ногоон хэрэм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсугай;
д/"Ногоон хэрэм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлаар гадаад, дотоодод уулзалт, семинар зохион байгуулж гадаад орон, олон улсын, түүний дотор Азийн бүс нутгийн хүч, хөрөнгийг энэ ажилд татан оролцуулах арга хэмжээ авч байсугай;
е/цөлжилт, элсний нүүлтийг сааруулах чиглэлээр гадаад, дотоодод хэрэгжүүлж байгаа туршлагыг судалж нэвтрүүлэх, энэ чиглэлээр гарч байгаа санал санаачилгыг дэмжиж ажилласугай;
ж/Монгол Улсын заган ойн санд үзлэг хийж, түүний нөөц, эзлэх талбайн хэмжээг бодитойгоор тогтоох арга хэмжээг 2007 онд багтаан авч хэрэгжүүлсүгэй;
з/үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг төвлөрүүлэх, хуваарилах үүрэг бүхий "Ногоон хэрэм" сан байгуулах, уг хөтөлбөрийн удирдах зөвлөлд туслах болон сангийн үйл ажиллагааг зохицуулах алба бий болгох асуудлыг зохих журмын дагуу зохицуулан шийдвэрлэсүгэй.
3.Байгаль орчны сайд У.Барсболд, Сангийн сайд Н.Алтанхуяг, холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:
а/"Ногоон хэрэм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд ойн санг нэмэгдүүлэх, ойг нөхөн сэргээх, хамгаалах, цөлжилт, элсний нүүлтийг сааруулах арга хэмжээний санхүүжилтэд хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл, тусламжийн болон төсвийн хөрөнгийг ашиглах арга хэмжээ авсугай;
б/говь, хээрийн бүсэд тарих мод, модлог ургамлын үр, тарьц, суулгацаар бүсчилэн хангах үүрэг бүхий мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, байгуулах асуудлыг 2006 онд багтаан шийдвэрлэсүгэй.
4. Байгаль орчны сайд У.Барсболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт даалгах нь:
а/байгалийн нөөц ашигласны төлбөрийг ялгавартайгаар тогтоох, ойжуулалтад оруулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын идэвх санаачилга, хөдөлгөөнийг өрнүүлэх, модны хулгай, хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх зөрчлийг арилгах эрх зүЙн үндсийг бүрдүүлэх арга хэмжээ авсугай;
б/төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийн тодорхой хэсгийг "Ногоон хэрэм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэх талаар холбогдох төсөл боловсруулж 2005 оны Ш улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авсугай;
в/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад "Ногоон хэрэм" байгуулах зориулалтаар газрыг, зохион байгуулалт бүхий иргэдэд гэрээгээр ойн сангийн тодорхой хэсгийг тус тус хариуцуулах, ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах журмуудыг 2005 онд багтаан боловсруулан батлуулж, мөрдүүлэх арга хэмжээ авсугай;
г/"Ногоон хэрэм" санд хөрөнгө төвлөрүүлэх, хуваарилах, захиран зарцуулах журмын төслийг боловсруулан 2005 оны 6 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсүгэй.
5. Барилга барих, төмөр зам тавих, засварлах ажилд өөр төрлийн материал орлуулан ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар мод, модон материалын хэрэглээг багасгах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Байгаль орчны сайд У.Барсболд болон зам, барилгын үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригч нарт үүрэг болгосугай.
6. Бүх шатны Засаг дарга нарт даалгах нь:
а/"Ногоон хэрэм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд нутгийн иргэдийг өргөнөөр татан оролцуулсугай;
б/малын хашаа хороо барихад чулуу, шавар зэрэг орон нутгийн түгээмэл тархацтай материалыг өргөн ашиглах, малын нөмөр хаалтад зориулан харгана, сөөг, бусад модлог ургамал тарьж хэрэглэх аргыг нэвтрүүлэх үндсэн дээр мод, шургаагийг хашаа хороонд зориулан бэлтгэх ажлыг зогсоох арга хэмжээ авсугай;
в/бэлчээрийг хуваарьтай, ээлж дараатай ашиглах замаар байгалийг өөрийн аясаар нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авч байсугай.
7. Говь, хээрийн бүсэд шахмал түлшний үйлдвэрлэл, эрчим хүчний бусад эх үүсвэрийг ойрын үед шийдвэрлэх чиглэлээр төсөл боловсруулан хэрэгжүүлэх, хот, төв суурин газрын түлээний модны хэрэглээг багасгах арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү, Байгаль орчны сайд У.Барсболд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаанд даалгах нь:
а/"Ногоон хэрэм" хөтөлбөр хэрэгжүүлэх бүс нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мод, бут, сөөг тарих, ургуулах, арчилж тордох арга барил, анхан шатны мэдлэг эзэмшүүлэх арга хэмжээ авч байхын зэрэгцээ тэдгээрийг 2007 онд багтаан туршлагын мод үржүүлгийн талбайтай болгосугай;
б/хот цэцэрлэгжүүлэлт, цөлжилттэй тэмцэхэд зориулан биотехнологийн аргаар модлог болон бусад ургамлын тарьц, суулгац ургуулах хүлэмж, цех байгуулах төсөл хэрэгжүүлсүгэй;
в/говь, хээрийн бүсэд мод, бут, сөөг тарих, ургуулах, арчилж тордох эрдэм шинжилгээ, судалгааны ажилд судлаач, эрдэмтэд, оюутнуудыг өргөнөөр татан оролцуулж байсугай;
г/"Ногоон хэрэм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, монгол орны ойн санг хамгаалах, ойжуулах, цөлжилт, элсний нүүлтийг сааруулах талаар төр, засгаас явуулж байгаа бодлого, ач холбогдлыг тусгаж, нийтэд сурталчлах арга хэмжээ байнга авч байсугай.
9. Байгаль орчны сайд У.Барсболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан, бүх шатны Засаг дарга нарт даалгах нь:
а/аж ахуйн нэгж, байгууллага, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, төрийн бус байгууллага, нийслэл, дүүрэг, хороо, аймаг, сум, баг, оюутан, сурагч, иргэд, хамтлагт "Ногоон хэрэм" хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой газар нутгийг хариуцуулан ажиллуулахын зэрэгцээгээр энэ ажилд оролцох гадаад орон, олон улсын байгууллагын үүсгэл санаачилгад идэвхтэй дэмжлэг үзүүлж ажилласугай;
б/гадаад, дотоодын албан ёсны томоохон арга хэмжээ, бүх шатны сургуулийн элсэлт, төгсөлт, цэрэг таталт, халалт, иргэдийн хуримын болон андгай өргөх ёслол зэрэг арга хэмжээний үед хот, төв суурин газарт мод тарих уламжлалыг 2005 оноос эхлэн хэвшүүлсүгэй;
в/"Ногоон хэрэм" хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ойжуулалтын ажилд цэргийн дүйцүүлэх алба хаагчид, хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийг өргөнөөр татан оролцуулсугай.
10. Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирсэн мод, модон материалыг боловсруулах, дамжуулан борлуулах аж ахуйн нэгж, сүлжээ байгуулах асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авахыг Үйлдвэр, худалдааны сайд С.Батболдод үүрэг болгосугай.
11. Нийслэл болон хүн ам төвлөрсөн томоохон суурин газруудад үр, тарьц, суулгац борлуулах, байгаль орчны мэдээлэл өгөх төвүүд бий болгох арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Барилга, хот байгуулалтын сайд Н.Батбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Байгаль орчны сайд У.БАРСБОЛД
Текст томруулах
A
A
A
