A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ҮНДЭСНИЙ ХОРООГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 187

Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх талаархи Үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах, үүнд салбар хоорондын үйл ажиллагаа, оролцоог чиглүүлэх зорилго бүхий Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хороог шинэчлэн байгуулж бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, Үндэсний хорооны ажиллах журам, Үндэсний хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Дархлалын олдмол хомсдол өвчин, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, гадаад орон, олон улсын байгууллага, иргэдийн дэмжлэг туслалцаа, өргөн оролцоонд түшиглэн зохион байгуулж, үр дүнг жил тутам Засгийн газарт мэдээлж ажиллахыг Үндэсний хороонд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай" Засгийн газрын 1997 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 217 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР