A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 169

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.1, 11.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 164 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм"-ийн "Хоёр"-т "2.7. Салбар хороо нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэж болно." гэсэн заалт нэмсүгэй.

2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн 3.1-ийн "бөхчүүдийг гарын даа нар баяр наадам болохоос 7 хоногийн өмнө бүртгэж дуусгана" гэснийг "...бөхчүүдийн бүртгэлийг гарын даа нар баяр наадам болохоос хоёр хоногийн өмнө эхэлж, баяр наадмын өмнөх өдрийн 18.00 цагт дуусгана." гэж өөрчлөн найруулсугай.

3. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийн 7.4.2-ын 1 дэх өгүүлбэрийг "Сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхчүүдийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ." гэж өөрчилж, 5.5-ыг хүчингүй болсонд тооцсугай.

4. "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор баталсан "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм"-ийн 4.1-ийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

"4.1. Хурдан морийг насны ангиллаар нь дараахь зайд уралдуулна:

Азарга 22-24 км

Их нас 24-26 км

Соёолон 22-24 км

Хязаалан 15-17 км

Шүдлэн 12-14 км

Даага 10-12 км".

5. "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор баталсан "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм"-ийн 8.4-ийн "Хүүхэдгүй уралдаж ирсэн морийг нэг байр ухраан барина." гэснийг "Хүүхэдгүй уралдаж ирсэн морийг таван байраар ухраан барина." гэж өөрчлөн найруулсугай.

6. Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 803 жилийн ой, Ардын хувьсгалын 88 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх зардалд зориулан 98.0 (ерэн найман) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С. Баярцогтод зөвшөөрсүгэй.

7. "Улаанбаатар-Лүн-Эрдэнэсант"–ын чиглэлийн авто замаас "Хүй долоон худаг" дахь хурдан морины барианы газрын үзэгчдийн талбай хүртэлх 2.3 км авто замыг 2 урсгалтай болгоход шаардагдах нийт хөрөнгийн 345.0 (гурван зуун дөчин таван) сая төгрөгийг улсын авто замын сангаас, 100.0 (нэг зуун) сая төгрөгийг нийслэлийн авто замын сангаас тус тус санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт, 2009 оны 7 дугаар сарын 5-ны дотор багтаан ашиглалтад оруулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.

8. Орон нутгийн хамгаалалтад байгаа "Хүй долоон худаг" дахь Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан зохион байгуулдаг газар, уралдааны замын бүрэн бүтэн байдлыг хамгаалж, тэмдэгжүүлэх, зам талбайн тохижилт, засвар, арчлалтыг тогтмол хийж, шаардагдах зардлыг нь жил бүрийн төсөвт тусгаж байхыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.

9. Хамгаалалттай бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэхийг хориглож, бэлчээрээс бусад зориулалтаар ашиглуулахгүй байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 257

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 15.1.1, 15.1.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийг 2 дугаар хавсралт, "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм"-ийг 3 дугаар хавсралт, "Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны дүрэм"-ийг 4 дүгээр хавсралт, "Үндэсний их баяр наадмын үндэсний шагайн харвааны дүрэм"-ийг 5 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2023 оны 254 дугаар тогтоол, 3 дугаар хавсралтад Засгийн газрын 2023 оны 255 дугаар тогтоолоор  тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоолын 1-д заасан дүрмийг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 164 дүгээр, "Дүрэмд өөрчлөлт оруулах тухай" 2004 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 151 дүгээр, "Дүрэм шинэчлэн батлах тухай" 2005 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 119 дүгээр, "Үндэсний их баяр наадмын талаар авах зарим арга хэмжээний тухай" 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 169 дүгээр, "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 212 дугаар, "Дүрэм шинэчлэн батлах тухай" 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 178 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН