- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 212
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн ур чадварыг мэргэжлийн сургалтаар эзэмшүүлж, мэргэжилтэй ажилчид бэлтгэн ажлын байраар хангах замаар ажилгүйдлийг бууруулах талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Оюутолгой" ХХК-иас Монгол Улсын иргэдэд ажлын байр бий болгоход зориулан 3 жилийн хугацаанд олгох 36.0 /гучин зургаан/ тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн 3300 /гурван мянга гурван зуун/ ажилгүй иргэнийг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцуулан мэргэжил эзэмшүүлэх, үүнтэй холбогдуулан сургалтын орчин үеийн материаллаг бааз бүрдүүлэх, тэдний сургалтын болон дотуур байрны зардал, суралцагчдад тэтгэлэг олгоход зориулан зарцуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
2. Сургалтаар бэлтгэгдсэн мэргэжилтэй ажилчдыг Оюутолгой төсөл болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа дэд бүтцийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт үүрэг болгосугай.
3. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцах ажилгүй иргэдийн тоог төв тус бүрээр тооцон гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.
4. Аймаг, нийслэлээс Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцах ажилгүй иргэдийн квотыг тогтоон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт, уг квотыг үндэслэн ажилгүй иргэдээ сургалтад хамруулах арга хэмжээг сайтар зохион байгуулах, энэхүү сургалтад хамрагдахад нь иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
5. "Оюутолгой" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа суралцагчдад сар бүр олгох тэтгэлгийн хэмжээг тогтоохыг Сангийн сайд С.Баярцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.
6. "Оюутолгой" ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж, цаашид томоохон бүтээн байгуулалт, төсөлд ажиллах иргэдийн тоог Оюутолгой төслийн монгол ажилтны тоонд оруулж тооцохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй.
7. Хугацаат цэргийн мэргэжилгүй албан хаагчдыг Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцуулан мэргэжил эзэмшүүлэх, батлан хамгаалах салбарын бүтээн байгуулалтад оролцуулах талаар хамтран ажиллахыг Батлан хамгаалахын сайд Л.Болд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.АЛТАНХУЯГ
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
