- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНЭТ ЦААС БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 85
Улаанбаатар хот
ҮНЭТ ЦААС БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.4, 14.1, 16.2, 22.1.4, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.4, Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6.3, "Зээлийн баталгааны дээд хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын 2011 оны 14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Санхүүгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны 800.0 (найман зуун) тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10 жил хүртэлх хугацаатай төгрөг, гадаад валютаар хаалттай (private placement) болон нээлттэй хэлбэрээр (public offering) арилжаалахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Хашчулуун)-д зөвшөөрсүгэй. (1-р зүйлд 2011-07-20-ны 232, 2011-09-30-ны 287-р тогтоолоор тус тус өөрчлөлт орсон)
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан 800 тэрбум төгрөгийн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.
3. Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасны эх үүсвэрийг хямдруулах, бага орлоготой иргэдэд олгох орон сууцны зээлийн хүүг жилийн 6 хувиас хэтрүүлэхгүй байх талаар Монголбанк, Сангийн яамтай хамтран холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Ч.Хашчулуун)-д даалгасугай.
4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хамтран хяналт тавьж ажиллахыг Ерөнхий сайдын 2011 оны 12 дугаар захирамжаар байгуулсан Үндэсний хороо (М.Энхболд)-нд даалгаж, Монголбанк (Л.Пүрэвдорж)-нд зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Текст томруулах
A
A
A
