A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Үйлдвэржүүлэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд худалдан авахдаа тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүд давуу эрхээ ашиглан чанар муутай, стандартын шаардлагад нийцээгүй бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх, зах зээлийн үнээс хэт өндөр үнэ санал болгох, үгсэн хуйвалдах зэрэг зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийн саналаас татгалзаж, дахин давуу эрх олгохгүй байхаар тогтоосугай.

3. Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлэх санал ирүүлсэн үндэсний үйлдвэрлэгчдэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу давуу эрх олгох зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Тендерийн үнэлгээний хороонд тухайн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээтэй ажиллаж байгаа мэргэжлийн холбоодын төлөөллийг заавал оролцуулж байхыг төсвийн ерөнхийлөн Захирагч нарт үүрэг болгосугай.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дотооддоо үйлдвэрлэж байгаа зарим бараа, бүтээгдэхүүний импортыг хязгаарлах асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, эрхийн хүрээнд нийцүүлэн боловсруулж Засгийн газрын хуралдаанд энэ оны 4 дүгээр сард багтаан хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай.

5. Энэ тогтоолыг 2014 оныг дуустал дагаж мөрдөхөөр тогтоосугай.

6. Үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээнд худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж байхыг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдэд уриалсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ