A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (Хүний хөгжил сан...)

2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 377

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүний хөгжил сангаас 2012 онд иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбоотой асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хувьцаа эзэмшүүлэх, бэлэн мөнгө олгох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч -Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд

Гишүүд: -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар;

-Сангийн сайд С.Баярцогт;

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди;

-Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт;

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан (зөвшилцсөнөөр);

-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан;

-Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар;

-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун;

-"Эрдэнэс-МГЛ" компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш;

-Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай;

-Ерөнхий сайдын зөвлөх С.Чинзориг;

Нарийн бичгийн дарга;

2. Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх арга хэмжээний хүрээнд иргэдэд "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 1.0 сая төгрөгтэй тэнцэх нэрлэсэн үнэ бүхий хувьцааг эзэмшүүлэх, бэлэн мөнгө олгох асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулан 2012 оны 1 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулах, хувьцааны талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хувьцаа, үнэт цаасны арилжааны чиглэлээр сургалт, сурталчилгааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Үндэсний хороо (С.Батболд)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ