- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНЭТ ЦААС БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 55
Улаанбаатар хот
ҮНЭТ ЦААС БОЛОН ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.4, 14.1, 16.2, 22.1.4, Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 6.3, Улсын Их Хурлын 2011 оны 14 дүгээр тогтоол, Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Иргэдийг жилийн 6 хүртэл хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор 200.0 (хоёр зуун) тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаас гаргахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батжаргал)-д зөвшөөрсүгэй.
2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.
3. Монгол Улсын Хөгжлийн банкны 200.0 (хоёр зуун) тэрбум хүртэлх төгрөгийн үнэт цаасны эх үүсвэр бүрдэх хүртэл хугацаанд арилжааны банкны өөрийн эх үүсвэрийг ашиглан иргэдэд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг арилжааны банктай хамтран Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан шийдвэрээр баталсан журмын дагуу зохион байгуулахыг Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батжаргал)-д даалгаж Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөсүгэй.
4. Орон сууцны хөнгөлөлттэй зээлд зориулан гаргасан Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөр, иргэдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүү болон арилжааны банкаар дамжуулан олгосон орон сууцны зээлийн хүүгийн зөрүүг Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваад даалгасугай.
5. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА
Текст томруулах
A
A
A
