A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 122

ҮНДЭСНИЙ ДӨРӨВ ДЭХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2017 оны 243-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.2-ыг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.19 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах" Үндэсний дөрөв дэх хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтран баталж, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид даалгасугай.

3. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг өөрийн эрхлэх ажлын хүрээнд болон нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалгаалсан өвчинд өртөх эрсдэл өндөртэй салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах дэд хөтөлбөр боловсруулан баталж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах, гадаадын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт тус тус үүрэг болгосугай.