- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ, ШОХОЙН ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТ, ШОХОЙН ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2000 оны 6 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 95
Бүтээгдэхүүний зах зээлийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт хангалтгүй, үр ашиг буурч борлуулалт эрс багасч, өр төлбөр үлэмж өсч санхүүгийн хүнд байдалд орсны гадна менежментийн чадвар доройтож үйлдвэр болон тосгоны нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх чадваргүй болсонтой холбогдуулан Төрийн өмчийн хороо, Монгол-Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн санал, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хамт олны төлөөлөгчдийн хүсэлтийг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Сүүлийн жилүүдэд хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрээс Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт нийлүүлсэн бараа, материал, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний төлбөрийн хуримтлагдсан үлдэгдэл болох 4,1 (дөрвөн тэрбум нэг зуун сая) тэрбум төгрөгийн өрийг улсын төвлөрсөн төсөвт хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийн 2000 оны үйл ажиллагааны ашгаас оруулахаар төлөвлөсөн 26,56 (хорин зургаан тэрбум таван зуун жаран сая) тэрбум төгрөгөөс хасч тооцон зохицуулахыг Сангийн сайд Я.Очирсүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт нарт зөвшөөрсүгэй.
2.Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн цаашдын төлөв, зах зээл, үйл ажиллагаа нь хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрээс хамааралтай байдлыг харгалзан уг үйлдвэрийн менежментийн асуудлыг хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрт хариуцуулж, үйлдвэрийн ерөнхий захирлыг гэрээний үндсэн дээр томилон ажиллуулахыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү, Төрийн өмчийн хорооны дарга Д.Зоригт, "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Д.Дорлигжав нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ
Текст томруулах
A
A
A
