- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨГЖЛИЙН АЛБАН ЁСНЫ ТУСЛАМЖИЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨГЖЛИЙН АЛБАН ЁСНЫ ТУСЛАМЖИЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1999 оны 2 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 27
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөгжлийн албан ёсны тусламжийн ашиглалт, эх үүсвэрийн төвлөрүүлэлтийн байдалд хийсэн шалгалтын мөрөөр авах арга хэмжээг зохион байгуулах зорилгоор дор дурдсан бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсугай.
Үүнд:
Ажлын хэсгийн –Сангийн сайд
ахлагч
Гишүүд: -Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Дэд бүтцийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Гэгээрлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Монгол банкны дэд ерөнхийлөгч;
Нарийн бичгийн
дарга -Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан Засгийн газрын ахлах референт
2.Дор дурдсан арга хэмжээ авахыг ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай:
а/.гадаадын зээл, тусламжийг зохицуулах, хяналт тавих тухай Монгол Улсын хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 247 дугаар тогтоолоор баталсан Гадаадын зээл, тусламжийг зохицуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Хөгжлийн албан ёсны тусламжийг удирдан зохицуулах тогтолцоо, оролцогч байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох саналыг 1999 оны 1 дүгээр улиралд багтаан боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулах;
б/хөгжлийн албан ёсны тусламжийн ашиглалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ашиглагч байгууллага болон хандивлагч бүрээр гаргаж хагас жил тутам Засгийн газарт танилцуулан Төрийн хянан шалгах хороонд мэдээлж байх;
в/хөгжлийн албан ёсны тусламжийн мэдээлэл, бүртгэлийн компьютержсэн системийг 1999 оны 10 дугаар сарын 1-ний дотор бүрдүүлэн, мэдээллийн санг байгуулах;
г/хөгжлийн албан ёсны тусламжийн хөрөнгийг нэгдсэн бүртгэлтэй болгон улсын төлбөрийн балансад тусгах, валютын ханшийн өөрчлөлтийг тооцож өрийн дүнд хасалт хийх, зээл ашиглагч байгууллагын татвар ногдох орлогыг тодорхойлох журмыг 1999 оны эхний хагаст багтаан баталж мөрдүүлэх;
д/өнөөг хүртэл байгуулаагүй байгаа дамжуулан зээлдүүлэх гэрээг зээл ашиглагч байгууллагуудтай нөхөн байгуулж төлөх хугацаа нь болсон зээл, зээлийн хүүг төлүүлэх, маргаантай асуудлыг 1999 оны 10 дугаар сарын 1-ний дотор шалгаж шийдвэрлэх.
3.Хууль зүйн сайд Л.Цогт даалгах нь:
а/урьд нь хөгжлийн албан ёсны тусламжийг аваад өнөөг хүртэл төлөөгүй байгаа болон авсан зээлийн эзэн нь тодорхойгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг тогтоож холбогдох хууль тогтоомжийн дагуу 1999 онд багтаан төлүүлэх арга хэмжээг авах;
б/Төрийн хянан шалгах хорооны шалгалтаар илэрсэн зөрчлийг зээл ашиглагч байгууллага нэг бүрээр гаргаж барагдуулах ажлыг зохион байгуулах.
4.Хөгжлийн албан ёсны тусламжийг ашигласан аж ахуйн нэгж, байгууллагыг хувьчлахдаа түүний төлөлтийн байдал, олгогдсон нөхцөлийг харгалзаж байхыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод үүрэг болгосугай.
5.Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн явц, үр дүнд давхар хяналт тавьж, зохих тайлан тооцоог холбогдох яам, байгууллагад цаг тухайд нь гаргаж өгч байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
6.Төрийн хянан шалгах хорооноос хөгжлийн албан ёсны тусламжийн ашиглалт, эх үүсвэрийн төвлөрүүлэлтийн байдалд хийсэн шалгалтаар ажилдаа хариуцлагагүй хандаж албан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон төрийн захиргааны ажилтнуудад 1999 оны 2 дугаар сард багтаан зохих хариуцлага тооцохыг холбогдох сайд нарт үүрэг болгож, үүнд хяналт тавьж дүгнэлт гаргахыг Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга Л.Линговт зөвлөсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Текст томруулах
A
A
A
