- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨДӨӨ АЖ АХУЙН БАНКНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХӨДӨӨ АЖ АХУЙН БАНКНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2000 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 81
Монгол Улсын Их Хурлын 2000 оны 02 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2000 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн бодлогын зорилтын 4-ийн 7 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөдөө аж ахуйн банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг хэрэгжүүлж, дахин хөрөнгөжүүлэх зорилгоор 4,2 тэрбум төгрөг /дөрвөн тэрбум хоёр зуун сая/-ийн 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргаж, тус банкны дүрмийн санд 2,0 тэрбум төгрөгийг, өөрийн хөрөнгийн хоёрдогч дансанд 2,2 тэрбум төгрөгийг байршуулахыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.
2.Дээрх үнэт цаасны хүүг тогтоох зарчим, олон улсын байгууллагуудтай тохирсон Хөдөө аж ахуйн банкны бүтцийн өөрчлөлтийн болон бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, банкны удирдлага зохион байгуулалтыг сайжруулахаар олон улсын байгууллагуудаас туслалцаа авах, төрийн төлөөллийг Төрийн өмчийн хороо хэрэгжүүлж байх зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан гэрээг Засгийн газрын нэрийн өмнөөс Монгол банктай байгуулсны дараа хөрөнгө байршуулж, биелэлтэд нь тогтмол хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Текст томруулах
A
A
A
