A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

/Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2004 оны 05 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ

ХЭРЭГСЛИЙН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих, тэдгээрийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."тэсэрч дэлбэрэх бодис" гэж тэсрэлтийн хүчийг ашиглах зориулалттай гадны хүчний үйлчлэлээр агшин зуурын хугацаанд химийн урвалд орж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд хор хөнөөл учруулах аюултай химийн нэгдэл буюу механик хольцийг;

3.1.2."тэсэлгээний хэрэгсэл" гэж тэсэрч дэлбэрэх бодисын тэсрэлтийг үүсгэх зориулалттай эд зүйлийг;

3.1.3."пиротехникийн хэрэгсэл" гэж хурц гэрэл гэгээ цацруулдаг буюу чанга дуу чимээ үүсгэдэг баяр, ёслол, үзвэр, цэнгээний зориулалтаар ашиглагдах хэрэгслийг";

3.1.4."тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлт" гэж тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, тээвэрлэх, хадгалах, ашиглах, устгах үйл ажиллагааг.

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

4.1.Энэ хууль нь цэргийнхээс бусад зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих хүрээнд үйлчилнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангах

5 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, хадгалалтын аюулгүйн бүс

Хэвлэх

5.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, хадгалах байр, агуулах нь тооцоогоор тогтоосон аюулгүйн бүстэй байна.

5.2.Аюулгүйн бүс, түүний дэглэмийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллага хамтран тогтооно.

6 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх

Хэвлэх

6.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хэрэгцээг үндэслэн тэдгээрийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох тусгай зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 10 өдрийн дотор аж ахуйн нэгж, байгууллагад олгоно.

6.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн сав, баглаа, боодлын гадна талд үйлдвэрийн нэр, үйлдвэрлэсэн болон ашиглах баталгаат хугацаа, тэсэрч дэлбэрэх аюултайг анхааруулсан таних тэмдэгтэй байна.

6.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлоход улсын хилээр нэвтрүүлэх, дамжуулан өнгөрүүлэх, нэвтрүүлэхийг хориглох хилийн боомтыг Засгийн газар тогтооно.

7 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхэд тавигдах шаардлага

Хэвлэх

7.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн1 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь шаардлага тавигдана:

7.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны стандартын шаардлага хангасан зориулалтын барилга байгууламж, туршилтын талбайтай байх;

7.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, хадгалах болон ачиж буулгах тусгай зориулалтын тоног төхөөрөмж, дотоодын тээврийн хэрэгсэлтэй байх;

7.1.3.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чанарын үзүүлэлт нь үндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан байх;

7.1.4.шинэ төрлийн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэхэд тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасны дагуу туршилт хийлгэн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, стандартаа батлуулсан байх;

7.1.5.мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх;

7.1.6.цагдаагийн болон тагнуулын төв байгууллагын санал авсан байх;

7.1.7.mэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэхэд байгаль орчны нөлөөллийн болон эрсдлийн үнэлгээ хийлгэсэн байх.

7.2.Энэ хуулийн 7.1.4-т заасан тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг Засгийн газар батална.

8 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экпортлоход тавигдах шаардлага

Хэвлэх

8.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох аж ахуйн нэгж, байгууллагад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь шаардлага тавигдана:

8.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах стандартын шаардлага хангасан зориулалтын агуулах, мэргэжлийн боловсон хүчний талаархи мэргэжлийн байгууллагын тодорхойлолт;

8.1.2.цагдаагийн болон тагнуулын төв байгууллагын санал.

8.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг импортлоход энэ хуулийн 8.1-д заасан шаардлага нэгэн адил тавигдана.

8.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл экспортлох аж ахуйн нэгж, байгууллагад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь шаардлага тавигдана:

8.3.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

/Энэ заалтыг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.3.2.экспортлох бүтээгдэхүүнийн стандарт, техникийн шаардлага хангасан байдлын талаархи мэргэжлийн байгууллагын тодорхойлолт, экспортлох тоо хэмжээ;

8.3.3.худалдан авагчтай урьдчилан байгуулсан гэрээ, тээвэрлэлтийн нөхцөлийг тусгасан баримт бичиг;

8.3.4.цагдаагийн болон тагнуулын төв байгууллагын санал.

9 дүгээр зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл худалдахад тавигдах шаардлага

Хэвлэх

9.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөлтэй этгээд тэдгээрийг зөвхөн энэ хуулийн 12.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллагад худалдана.

9.2.Гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хураагдсан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг мэргэжлийн байгууллагын хяналтын дор тэсэлгээний ажил явуулах эрх бүхий байгууллагад худалдах буюу шинэчлэн сэлгэн сольж байршуулж болох ба энэ тухайгаа энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан улсын нэгдсэн мэдээллийн санд тухай бүр мэдэгдэнэ.

9.3.Энэ хуулийн 9.1-д заасан этгээд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн борлуулалт, зарцуулалтын тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад улирал бүрээр гарган хүргүүлж байна.

9.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь хэрэгцээнээс илүүдэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг худалдан авах эрх бүхий байгууллагад мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр худалдаж болно.

10 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтэд тавигдах шаардлага

Хэвлэх

10.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу тээврийн стандартыг баримтлан тусгай тоноглосон тээврийн хэрэгслээр аюулгүй байдлыг хангаж, харуул хамгаалалттай тээвэрлэнэ. Тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг цагдаагийн байгууллага олгоно.

10.2.Тэсэрч дэлбэрэх бодисыг тэсэлгээний хэрэгслийн хамт тээвэрлэж болохгүй. Энэ нь үйлдвэрлэлийн технологийн дагуу явагдах дотоодын тээвэрлэлтэд хамаарахгүй.

10.3.Тээвэрлэлтийн явцад гарч болзошгүй эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх зааварчилгааг тээврийн хэрэгслийн жолооч болон дагалдан яваа хүн бүрт танилцуулж, аюулгүй байдлыг хангасан байна.

10.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хот тосгон, бусад суурин газраар тээвэрлэхдээ онц аюултай ачаа тээвэрлэх үеийн аюулгүй ажиллагааны техникийн шаардлагыг хангасан байна.

10.5.Хот суурин газарт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх чиглэл, хугацааг тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага баталж, аюулгүй байдалд хяналт тавина.

10.6.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг аюулгүй ажиллагааны шаардлага хангасан нөхцөлд зориулалтын талбайд ачиж, буулгана.

11 дүгээр зүйл.Тэсэлгээний ажил явуулахад тавигдах шаардлага

Хэвлэх

11.1.Тэсэлгээний ажил явуулах аж ахуйн нэгж, байгууллагад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь шаардлага тавигдана:

11.1.1.мэргэжлийн боловсон хүчинтэй байх;

11.1.2.тэсэлгээний ажил явуулах зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн харуул хамгаалалт бүхий агуулахтай байх.

12 дугаар зүйл.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах

Хэвлэх

12.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашигт малтмалын хайгуул, уул уурхай, зам, барилгын үйлдвэрлэлийн зориулалтаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.4-т заасан эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллага ашиглана.

12.2.Энэ хуулийн 12.1-д зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага нь тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагын туслалцааг авч болно.

12.3.Аж ахуйн нэгж, байгууллага нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглахдаа тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг мөрдөж ажиллана.

13 дугаар зүйл. Пиротехникийн хэрэгсэл

Хэвлэх

13.1.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах асуудлыг тусгай дүрмээр зохицуулна.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан дүрмийг Засгийн газар батална.

14 дүгээр зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалахад тавигдах шаардлага

Хэвлэх

14.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тус тусад нь стандартын шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгална.

14.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн орлого, зарлага, үлдэгдлийн бүртгэлийг тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн дагуу хөтөлж, улирал тутам тооллого явуулна.

14.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл алдагдсан тохиолдолд цагдаагийн болон тагнуулын байгууллагад 24 цагийн дотор мэдэгдэж, эрэн сурвалжлах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд түүнийг эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

14.4 Аймаг, нийслэлийн Засаг дарга тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, хадгалах газрын байнгын байршлыг тогтооно.

15 дугаар зүйл.Хориглох зүйл

Хэвлэх

15.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй байдлыг хангах зорилгоор дараахь зүйлийг хориглоно:

15.1.1.өөрийн эзэмшлийн газар, зориулалтын байр, тээврийн хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчин, галт зэвсэг бүхий харуул хамгаалалтгүй аж ахуйн нэгж, байгууллагад тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл олгох;

15.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, импортлох, экспортлох, худалдах, хадгалах, ашиглах, устгах;

15.1.3.зориулалтын бус газарт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах;

15.1.4.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг нийтийн тээврийн хэрэгслээр тээвэрлэх;

15.1.5.энэ хуулийн 5.1-д заасан хамгаалагдсан аюулгүйн бүсэд хүн, тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй нэвтрэх, түр буюу байнга суурьших, бүсийн дэглэм зөрчих;

15.1.6.худалдан авагч нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах, хадгалах, бусдад дамжуулан худалдах, шилжүүлэх;

15.1.7.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг тэсэлгээний ажлын удирдагч болон хамгаалалтын ажилтнаас бусад хүн дагалдан явах.

16 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг устгах

Хэвлэх

16.1.Чанарын шаардлага хангахгүй болсон, ашиглах хугацаа нь дууссан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн аж ахуйн нэгж, байгууллага нь тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэмд заасан төлөвлөгөөний дагуу мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын дор устгана.

16.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг устгасан тухай үйлдсэн нотломжийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 7 хоногийн дотор хүргүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний
хэрэгслийн мэдээллийн сан

17 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн сан

Хэвлэх

17.1. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагад хадгалагдаж байгаа болон үйлдвэрлэсэн, импортолсон, экспортолсон, худалдсан, ашигласан, устгасан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн нэр төрөл, тоо ширхгийг нарийвчлан тусгасан мэдээллийн нэгдсэн сантай байна.

17.2.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, мэдээллийн сантай холбогдсон зааврыг батлан мөрдүүлнэ.

17.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэл, импорт, экспорт, худалдаа, ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгуулага нь үйлдвэрлэсэн, импортолсон, экспортолсон, худалдсан, ашигласан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн орлого, зарлагын мэдээ, тайланг гаргаж, улирал тутам энэ хуулийн 17.1-д заасан мэдээллийн санд хүргүүлнэ.

17.4.Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрүүлсэн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээг тухай бүр нь цагдаагийн болон тагнуулын байгууллагад мэдэгдэж, мэдээ, тайланг сар бүр геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна.

18 дүгээр зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй ажиллагаанд мөрдөх стандарт

Хэвлэх

18.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэлийн байр, хадгалах агуулахын болон тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны шаардлага хангасан стандартыг геологи, уул уурхайн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллага хамтран боловсруулж, стандартын мэргэжлийн байгууллагаар батлуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн
хяналт, хариуцлагын тогтолцоо

19 дүгээр зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн ашиглалтад тавих хяналт

Хэвлэх

19.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлнэ.

19.2.Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн зарцуулалт болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хууль тогтоомж, журам, технологийн горимын биелэлтэд дотоодын хяналт тавина.

20 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хяналтын лаборатори

Хэвлэх

20.1.Мэргэжлийн хяналтын байгууллага нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн марк, ангилал, хүчин чадал, ашиглах хугацаа, стандартын чанарын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох хяналтын лабораторитай байна.

21 дүгээр зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

21.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хэриуцлага хүлээлгэхээргүй бол геологи, уул уурхайн улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

21.1.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тухай мэдээ, тайланг холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлээгүй буюу зориуд буруу мэдээлсэн аж ахуйн нэгж , байгууллагыг 30000-50000 төгрөгөөр торгох;

21.1.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгахад тавих шаардлагыг зөрчсөн иргэнийг 20000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-250000 төгрөгөөр торгох;

21.1.3.энэ хуулийн 15.1.1-15.1.5, 15.1.7-г зөрчсөн бол хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хурааж, иргэнийг 20000-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-250000 төгрөгөөр торгох;

21.1.4.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хууль бусаар ашигласан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, нөөцөлж хадгалсан бол хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох.

21.2.Хууль тогтоомжийн дагуу захиргааны журмаар хураагдсан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлнэ.

22 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

22.1.Энэ хуулийг 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

1 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн.