A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2001 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах дэд хөтөлбөр/

Дугаар 48

Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр өөрийн онцлог байдалд зохицуулан "Мал сүргийг ган, зудаас хамгаалахад туслах дэд хөтөлбөр"-ийг энэ оны Ш улиралд багтаан боловсруулж, 2005 он хүртэл үе шаттайгаар хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Энэ хөтөлбөртэй уялдуулан аймаг бүр өвс, тэжээлийн нөөц сантай болох асуудлыг бүх шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Ган, зудад нэрвэгдэж малгүй болсон, амьжиргааны баталгаажих доод түвшингээс бага орлоготой, нэн ядуу иргэдийн судалгааг гаргаж тэдэнд үе шаттайгаар дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажлын байр буй болгох болон малжуулах төсөлд хамруулах арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг дотоод нөөц бололцоог дайчлах, менежментийг сайжруулах, гадаад орон, олон улсын байгууллагад тавьж шийдвэрлүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт даалгасугай.

5. Япон Улсын Засгийн газрын гамшгийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх богино болон хэт богино долгионы радио, тоног төхөөрөмжөөр сум, багуудыг холбоожуулах ажлыг эрчимжүүлж, орон нутгийн зам, тээвэр, харилцаа холбоо, түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн хэвийн найдвартай ажиллагааг хангахад онцгойлон анхаарч ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

6. Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг технологийн зохистой хугацаанд бүрэн хэрэгжүүлэх, мал сүргийг эрүүлжүүлэх, чанаржуулах ажлын үр дүнг дээшлүүлж, мал эмнэлэг, үржлийн хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

7. Мал өвөлжүүлж, хаваржуулах болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг жил бүрийн 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл орон даяар нийтийг хамарсан хөдөлгөөн болгон өрнүүлж, энэ хугацаанд томоохон хэмжээний найр, наадам зохион байгуулахыг аль болох хязгаарлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

8. Сүүлийн жилүүдэд тохиолдсон ган, зудын хохирлын байдалд үнэлэлт, дүгнэлт хийж, улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг энэ оны эхний хагаст багтаан боловсруулж мөрдөхийг Батлан хамгаалахын сайд, Улсын байнгын онцгой комиссын дарга Ж.Гүррагчаа, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ