A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХӨТӨЛБӨРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1998 оны 12 дугаар сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 232

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газрын "Хөтөлбөр батлах тухай" 1997 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 160 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр"-ийн "Зургаа.Томоохон аж ахуйн нэгжийг битүүмжилсэн дуудлагын худалдаагаар худалдах журам"-д дараахь заалтуудыг нэмсүгэй:

1/ "Зургаа. Томоохон аж ахуйн нэгжийг битүүмжилсэн дуудлагын худалдаагаар худалдах журам" гэсний дор дэд бүлгийн гарчиг болгон "А.4, 25 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө бүхий аж ахуйн нэгжүүдийг худалдах журам"

2/ 21 дэх заалтын дараа шинээр дор дурдсан дэд бүлгийг:

б.4,25 тэрбум төгрөгөөс доош хөрөнгө бүхий аж ахуйн нэгжүүдийг худалдах журам

1.2 дугаар жагсаалтад орсон 50-иас дээш ажиллагчидтай, 4,25 тэрбум төгрөгөөс доош хөрөнгө бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийг битүүмжилсэн хэлбэрээр санал авах дуудлагын худалдаагаар хувьчлахад энэхүү журмыг мөрдөнө..

2.Тухайн аж ахуйн нэгжийн төрийн өмчийн хөрөнгө, хувьцааг худалдах доод үнийг төрийн өмчийн хорооноос тогтоох бөгөөд энэ нь тухайн аж ахуйн нэгжийн хувьчлагдах хөрөнгө /дахин үнэлэгдсэн/-ийн 40 хувиас доошгүй байна.Хувьчлагдах хөрөнгө нь аж ахуйн нэгжийн нийт хөрөнгөөс бусдад өгөх нийт өр төлбөрийг хасч төрд ногдох хувь хэмжээгээр үржүүлсэнтэй тэнцэнэ.

3.Битүүмжилсэн дуудлагын худалдааг явуулахад энэхүү Хөтөлбөрийн "Тав"-ын 1, 2, 3, 4, 6-д заасан журам, шаардлагыг баримтлах бөгөөд оролцогчийн тавих дэнчингийн хэмжээг тогтоох шалгуур, журмыг Төрийн өмчийн хорооноос баталсан заавраар тодорхойлно.

4.Оролцогч нь үнийн саналаа Төрийн өмчийн хорооны зааварт тусгагдсан аргачлал болон хугацааны дагуу гаргана.Оролцогч бүр зөвхөн нэг үнийн санал гаргана.Төрийн өмчийн хорооны журамд заасан үнийн санал хүлээлгэн өгөх хугацаанаас хойш оролцогч үнийн саналаасаа татгалзах, оронд нь шинэ үнийн санал гаргах эрхгүй.

5.Тухайн аж ахуйн нэгжийн худалдагдахаар зарлагдсан төрийн мэдлийн хувьцааг нэг багц болгон битүүмжилсэн дуудлагын худалдаагаар худалдана.Оролцогч худалдан авахыг хүссэн битүүмжилсэн саналдаа дуудлагын худалдаагаар худалдахаар санал болгож буй багц дахь хувьцааны тоо болон тухайн багцад санал болгосон үнийг тусгасан байна.

6.Дуудлагын худалдаа эхлэхэд хөтлөгч битүүмжлэгдсэн хайрцагт байгаа саналуудыг оролцогчдын өмнө ил тод шалгуулан нээж, оролцогчдын бүртгэлийн дугаар, нэр, хувьцааны багцыг худалдан авахаар санал болгосон үнийн хамт танилцуулна.Үүний дараа бүх саналуудыг тусгай бэлтгэсэн хавтсанд хийж дахин битүүмжилнэ.Оролцогч бүр дуудлагын худалдааны дараа уг хавтсанд буй саналуудтай танилцаж, хөтлөгч саналуудыг зөв танилцуулсан эсэхийг шалгах эрхтэй. Хэрэв аливаа алдаа, зөрчил илэрвэл дуудлагын худалдааг хүчингүйд тооцно.

7.Дуудлагын худалдааны хөтлөгчийн туслах нь саналуудтай холбогдсон мэдээллийг компьютерт оруулж саналын хүснэгтийг нийтэд танилцуулна.

8.Багцыг худалдан авахаар санал болгосон үнүүдийн буурах дарааллын дагуу саналуудыг эрэмбэлж үр дүнгийн хүснэгтийг нийтэд танилцуулна.Ижил үнэ бүхий хэд хэдэн санал байвал тэдгээрийн аль түрүүлж бүртгэгдсэнээс нь эхэлж эрэмбэлнэ.

Хүчинтэй санал-дуудлагын худалдаанаас олбол зохих доод орлоготой тэнцүү буюу түүнээс дээш үнэ бүхий санал.

Хүчингүй санал"дуудлагын худалдаанаас олбол зохих доод орлогоос бага үнэ бүхий үнийн санал, төлбөл зохих хэмжээнээс бага дэнчин төлсөн буюу дэнчин төлөөгүй үнийн санал.

9.Хүчинтэй саналуудаас хамгийн өндөр үнэ санал болгосон оролцогч дуудлагын худалдаанд ялж, худалдагдаж буй багц хувьцааг худалдан авах эрхтэй болно.Хэрэв хамгийн өндөр үнийг санал болгосон хэд хэдэн оролцогч байвал тэдгээрээс аль түрүүлж саналаа хүлээлгэн өгсөн нь багцыг худалдаж авах эрхтэй болно.

10.Дуудлагын худалдаанд ялаагүй оролцогчдын дэнчинг дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтааж буцааж олгоно.

11.Битүүмжилсэн дуудлагын худалдааны ялагч худалдах, худалданавах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор төлбөрөө төлсөн байна.дуудлагын худалдаанд ялагч болон хүчинтэй саналтай удаахьоролцогч нь дээрх хугацаанд төлбөрөө бүрэн төлөөгүй бол дуудлагын худалдаанд оролцохоор тавьсан дэнчинг улсын орлого болгоно.Ялагч төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй тохиолдолд багцыг хүчинтэй саналтай удаахь оролцогчид худалдан авахыг санал болгоно.

12.Дуудлагын худалдаагаар худалдсан хувьцааны төлбөр нь:

а/.дотоодын орологчдын хувьд үнийн саналдаа дурдсан үнэтэй тэнцэнэ;

б/.гадаадын оролцогчдын хувьд хувьчлах аж ахуйн нэгжийн ажиллагчдын тоо 51-100 бол үнийн саналдаа дурдсан үнийг 20 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэнэ;

в/.гадаадын оролцогчдын хувьд хувьчлах аж ахуйн нэгжийн ажиллагчдын тоо 101-ээс дээш бол үнийн саналдаа дурдсан үнэтэй тэнцэнэ.

13.Хувьчлагдсан аж ахуйн нэгжийн хөдлөх үндсэн хөрөнгө /техник, тоног төхөөрөмж, автомашин гэх мэт/-ийг 5 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаргахыг хориглоно.

14.Дараахь тохиолдлуудад дахин дуудлагын худалдааг зарлан явуулна:

а/.2 буюу түүнээс дээш хүчинтэй санал ирээгүй;

б/.дуудлагын худалдааны ялагч төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бөгөөд удаахь оролцогч багцыг худалдан авахаас татгалзсан, эсвэл төлбөрөө төлөөгүй.

15.Дуудлагын худалдаанд ялагчид нь дуудлагын худалдааны бүртгэлд буруу мэдээлэл өгсөн нь тухайн дуудлагын худалдааявагдсан өдрөөс хойш 6 сарын дотор илэрсэн тохиолдолд энэ хөтөлбөрийн "тав"-ын 17-д заасан журмаар зохицуулна.

16.Төрийн өмчийн хороо битүүмжилсэн хэлбэрээр санал авах дуудлагын худалдааны журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил тод тайлбарлах, сонирхогчдод зориулсан сургалт семинар зохион байгуулж сурталчлах үүрэгтэй.

П.Мөн хөтөлбөрийн "Зургаа. Томоохон аж ахуйн нэгжийг битүүмжилсэн дуудлагын худалдаагаар худалдах журам"-ын 1 дэх заалтын "... томоохон аж ахуйн нэгжүүдийг..." гэснийг "4, 25 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийг" гэж; 2 дахь заалтын "тодорхойлохдоо энэ хөтөлбрийн "тав"-ын 13-т заасан журмыг баримтална" гэснийг "төрийн өмчийн хорооноос тогтоох бөгөөд энэ нь тухайн аж ахуйн нэгжийн хувьчлагдах хөрөнгө /дахин үнэлэгдсэн/-ийн 40 хувиас доошгүй байна.Хувьчлагдах хөрөнгө нь аж ахуйн нэгжийн нийт хөрөнгөөс бусдад өгөх нийт өр төлбөрийг хасч төрд ногдох хувь хэмжээгээр үржүүлсэнтэй тэнцэнэ." гэж; 7 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн "хайрцганд" гэснийг "тусгай бэлтгэсэн хавтсанд" гэж, 3 дахь өгүүлбэрийн "хайрцганд" гэснийг "хавтсанд" гэж тус тус өөрчлөн найруулсугай.

Ш.Хөтөлбөрийн " Зургаа.Томоохон аж ахуйн нэгжийг битүүмжилсэн дуудлагын худалдаагаар худалдах журам"-ын 3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий Сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР