A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ БУУРУУЛАХ, ЦУЦЛАХ ТУХАЙ

Дорноговь, Дундговь аймгийн зарим сумын нутагт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтыг устгах, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын үр дүн, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, Гамшигтай тэмцэх комиссын хуралдааны шийдвэрийг харгалзан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутаг дэвсгэрт тогтоосон хорио цээрийн онцгой дэглэм, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсүгэй /1 дэх хэсгийг ЗГ-ын 2004 оны 104-р тогтоолоор хүчингүй/

/1 дэх хэсгийг ЗГ-ын 2004 оны 104-р тогтоолоор хүчингүй/

2. Дорноговь аймгийн Өргөн, Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Сайхандулаан, Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо, Сүмбэр, Баянтал, Хэнтий аймгийн Галшар, Дархан, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Гурвансайхан, Говь-Угтаал сумын нутагт тогтоосон хорио цээрийн хязгаарлалтын дэглэм, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн цуцалсугай.

3. "Малын гоц халдварт шүлхий өвчний талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 65 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлээс "Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил" гэснийг, мөн тогтоолын 2 дугаар зүйлээс "Дундговь аймгийн Цагаандэлгэр, Гурвансайхан, Говь-Угтаал" гэснийг тус тус хассугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Малын гоц халдварт өвчний цагийн байдал, түүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Хорио цээрийн дэглэм, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргийг бууруулах тухай" Засгийн газрын 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 69 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

/Засгийн газрын 2004 оны 104 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан./

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ