A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙГАА ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2004 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 87

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Говийн бага дархан цаазат газрын "Б" хэсэгт хууль бусаар алт олборлосон үйл ажиллагаанд дүгнэлт хийж улсын тусгай хамгаалалттай газар нутагт дахин зөрчил гаргуулахгүй байх талаар урьдчилан сэргийлэх, зөрчил илэрсэн тохиолдолд цаг алдалгүй таслан зогсоох, хяналт шалгалтын ажлыг тогтмолжуулах арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатар нарт үүрэг болгосугай

2. Тусгай хамгаалалттайгаас бусад алтны орд бүхий газарт хууль бусаар алт олборлож буй зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Батбаатар, аймаг, сумын Засаг дарга нарт даалгасугай. .

3. Уул уурхайн үйлдвэрлэлд хэрэглэж буй тэсэрч, дэлбэрэх бодис, холбогдох хэрэгслийн ашиглалт, хадгалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулахыг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байгаль орчны сайд У.Барсболд нарт даалгасугай.

4. Хууль бусаар алт олборлосноос учирсан хохирлын хэмжээг тогтоож, холбогдох этгээдээр нөхөн төлүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Байгаль орчны сайд У.Барсболд нарт үүрэг болгосугай.

5. Уул уурхайн орд, ашигт малтмалын нөөц бүхий бүс нутагт оршин сууж байгаа ард иргэдэд зохих хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын олборлолт явуулах талаар төр, засгийн бодлого, шийдвэрийг сурталчлах ажлыг эрчимжүүлэхийг Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, аймаг, сумын Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД