A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХТАЙ ХОЛБОГДСОН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 66

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Нэг.Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мэдээлэх, нийтэд сурталчлахтай холбогдсон үүргийг төрийн албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарьт тодорхой тусган биелэлтийн байдлыг улирал бүр дүгнэж ажиллахыг төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын удирдлагад даалгасугай.

Хоёр.Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан дор дурдсан журам тогтоож мөрдүүлсүгэй:

1.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар:

а/хууль тогтоомж бүрт (түүний албан ёсны эх хувийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор) нь хувийн хэрэг нээж, хэрэгжилтийг хангуулах талаар тодорхой хариуцах эзэн, хугацаатай төлөвлөгөөг холбогдох яам, газруудтай хамтран гаргаж, биелэлтийг дүгнэн хувийн хэрэгт баяжилт хийж байх;

б/хууль тогтоомжийг мэдээллийн санд оруулж, шаардлагатай мэдээллийг яам, Засгийн газрын үндсэн болон дэд бүтцийн газар (цаашид яам, тусгай газар гэнэ), аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох бусад байгууллагад хүргүүлж байх;

в/хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон Засгийн газар, яам, тусгай газар болон нутгийн захиргааны байгууллагаас гаргах дүрэм, журам, заавар, жагсаалт зэрэг эрх зүйн бусад баримт бичгүүдийг цаг хугацаанд нь батлуулан мөрдүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих;

г/дангаараа болон холбогдох байгууллагатай хамтран хууль тогтоомжийн хэрэгжилтийг яам, тусгай газар, аймаг, нийслэлд шалгаж, шаардлагатай тохиолдолд авах арга хэмжээний талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлж байх.

2.Хууль зүйн яам:

а/хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид эрх зүйн бусад актыг нийцүүлэх ажлыг холбогдох яам, тусгай газартай хамтран зохион байгуулж, санал боловсруулан Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж байх;

б/хуулийг тайлбарласан лекц, ярианы сэдвийг холбогдох яам, тусгай газартай хамтран боловсруулах ажлыг (хууль батлагдсанаас хойш нэг сарын дотор) зохион байгуулах;

в/хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сурталчлан таниулах, сургалт явуулах талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт аргачилсан удирдамж, чиглэл гарган хүргүүлж, биелэлтийг нэгтгэх;

г/хуулийг Монгол Улсын хууль тогтоомжийн бүртгэл, лавламжийн санд авч, компьютерийн мэдээллийн баазад оруулан холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тогтмол хийж, иргэд, байгууллагад мэдээллээр үйлчлэх;

д/хуулийг хэрэгжүүлэх явцад бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн, нэгдсэн ойлголт тогтоох шаардлагатай болсон асуудлыг нэгтгэн судалж, зөрчлийг арилгуулах, албан ёсны тайлбар гаргуулах арга хэмжээ авах;

е/хуулийн талаар радио, телевиз болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр хийх сурталчилгааг хууль хяналтын бусад байгууллагатай хамтран зохион байгуулах;

ж/хуулийн хэрэгжилтийн байдлыг холбогдох яам, тусгай газартай хамтран судалж, цаашид боловсронгуй болгох арга хэмжээг зохион байгуулах.

З.Яам, тусгай газрууд:

а/хууль тогтоомжийг салбарын хууль тогтоомжийн санд оруулж, эрхэлсэн хүрээний асуудалд хамаарах заалт бүрт хувийн хэрэг нээн түүнийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажлыг тусган баяжуулалт хийж байх;

б/хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар дор дурдсан асуудлыг тусгасан ажлын төлөвлөгөө боловсруулан баталж (шаардлагатай бол Засгийн газарт оруулан батлуулж) хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах:

-хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг тооцож, зохих журмаар шийдвэрлэх;

-хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, ажилтны үйл ажиллагааг хооронд нь уялдуулах, шаардлагатай бол орон тоо, бүтэц зохион байгуулалтдаа зохицуулалт хийх арга хэмжээ авч түүний аргачлал, удирдамжийг салбарын болон нутгийн захиргааны байгууллагад хүргүүлэн биелэлтийг хангуулах;

-хуульд заасны дагуу шаардлагатай журам, дүрэм, заавар, жагсаалт зэрэг эрх зүйн бусад баримт бичгийг боловсруулан мөрдүүлэх;

-мөрдөж буй журам, тогтоол шийдвэрийг хуульд нийцүүлэн өөрчлөх, хүчингүй болгох санал боловсруулах;

-Хууль зүйн яамтай хамтран хуулийн талаар лекц, ярианы сэдэв боловсруулж, радио, телевиз, хэвлэлээр болон бусад хэлбэрээр нийтэд сурталчлах, орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулж үр дүнг нэгтгэн тооцож байх;

-хуулийг хэрэгжүүлэх боловсон хүчнийг бэлтгэх, нэгдсэн семинар, сургалт зохион байгуулах.

в/хуулийн хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг цаашид боловсронгуй болгох талаар санал боловсруулж Засгийн газарт оруулах;

г/хуулийг хэрэгжүүлэх явцад илэрсэн зөрчил дутагдлын талаархи дүн мэдээг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор гарган Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж байх.

4.Аймаг, нийслэлийн Засаг дарга нар:

а/хууль тогтоомжийг хууль тогтоомжийн бүртгэл лавламжийн аймгийн санд авч, сум, дүүргийг шаардлагатай мэдээллээр хангах, хууль тогтоомжоор аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн Тамгын газарт хариуцуулсан үүргийн талаар тус бүрт нь хувийн хэрэг нээж, хэрэгжүүлэх талаар зохиосон ажлаа тусган баяжуулах ажлыг зохион байгуулах;

б/хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ болон хөрөнгийн эх үүсвэр, шууд хариуцан гүйцэтгэх байгууллага, албан тушаалтныг тодорхойлсон төлөвлөгөө, удирдамжийг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэж нийт сум, дүүрэгт хүргүүлэн биелэлтийг хангуулах;

в/хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрт тусгайлан сургалт, семинар зохион байгуулах;

г/хууль тогтоомжийг орон нутгийн бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр сурталчлан тайлбарлах, аж ахуйн нэгж, байгууллагад сэдэвчилсэн семинар, ярилцлага зохиох зэрэг тодорхой үйл ажиллагааг хариуцах эзэн, хугацаа, хөрөнгийн эх үүсвэрийн асуудлын хамт нарийвчлан тусгасан тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, дүнг хагас жил тутамд Хууль зүйн яаманд ирүүлж байх;

д/хуулийн заалтад урьд гаргасан захирамж, бусад шийдвэрүүдийг нийцүүлэн өөрчлөх, нэмэлт тодотгол оруулах арга хэмжээ авч, сум, дүүргийн Засаг дарга нарын шийдвэрийг хуульд нийцүүлэх ажлыг зохион явуулж байх;

е/хууль тогтоомжийн биелэлтийг бүрэн эрхийнхээ хүрээнд шалгаж илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол хуулийг боловсронгуй болгох асуудлыг судлан, саналаа холбогдох яам, тусгай газартай хамтран боловсруулж Засгийн газарт танилцуулах;

ж/хуулийг хэрэгжүүлэх явцад илэрсэн зөрчил дутагдлын талаархи дүн мэдээг жил бүрийн 1 дүгээр сарын 5-ны дотор гарган Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлж байх.

5.Сум, дүүргийн Засаг дарга нар:

а/зохих төлөвлөгөө, удирдамжийн дагуу нийт баг, хороодын Засаг дарга нарыг хууль хэрэгжүүлэх, түүнийг нийтэд сурталчлах ажлын арга зүйн удирдлагаар хангаж, уг арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд зохион байгуулах;

б/бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн биелэлтийг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага, харьяалах нутаг дэвсгэртээ шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;

в/хуулиар хүлээлгэсэн чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

г/хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээлэл, судалгааг тогтоосон журмын дагуу гаргах.

6.Баг, хорооны Засаг дарга нар:

а/зохих төлөвлөгөө, удирдамжийн дагуу дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулж, энэ ажилд хуульчид, мэргэжлийн хүмүүсийг оролцуулах;

б/хуулиар шууд хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

в/хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн эрхийнхээ хүрээнд шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах.

Гурав.Яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуулийн зөвлөх, мэргэжилтнүүдэд зориулан эрх зүйн сургалт, семинарыг Хууль зүйн яамнаас холбогдох яам, тусгай газар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран зохион явуулж байх, семинарт оролцогчдын унаа, байр, томилолтын зардлыг харъяалах үндсэн байгууллагууд, бусад зардлыг зохион байгуулж байгаа байгууллага хариуцан гаргаж байхаар тогтоосугай.

Дөрөв.Энэ тогтоолын хэрэгжилтийг жил бүр дүгнэн Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (С.БАНЗРАГЧ)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ