- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОРИХ БАЙГУУЛЛАГУУДАД НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ САХИЛГА, ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ХОРИХ БАЙГУУЛЛАГУУДАД НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ САХИЛГА, ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ
1996 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 23
Авдрант дахь гяндангаас 3 хоригдол зэвсэглэн оргож 5 хүний амь насыг бусниулж, иргэдийг барьцаанд авсан онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн нь тус хорих ангийн хянагч, харуул хамгаалалтын болон удирдах ажилтнаас мөрдөж буй журам, дотоод дэглэм, зааврыг зөрчсөн хариуцлагагүй ажиллагаанаас шууд шалтгаалсан байна. Мөн Хорих байгууллагуудыг удирдах газар /дарга, хурандаа Г.Дэндэв/, ажил хариуцсан албад хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй хариуцлага алдсан, Хууль зүйн яам /сайд Н.Лувсанжав/-наас хорих байгууллагуудын ажилд гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулах үүргээ хангалтгүй биелүүлж ирсэнтэй холбоотой байна.
Хорих байгууллагуудын хэмжээнд сүүлийн жилүүдэд боловсон хүчний бодлого алдагдсанаас удирдлагын чадавхи буурч, нийт бие бүрэлдэхүүний сахилга, хариуцлага суларснаас харуул хамгаалалтын дэглэм, журам зөрчигдөж, хоригдлыг оргуулж алдах, улмаар гэмт хэрэг үйлдэж ард иргэдийн амгалан тайван байдал, эд хөрөнгөд хор хохирол учруулсан явдал удаа дараа гарч байна. Энэ байдалд дүгнэлт хийж, Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газраас өгсөн удаа дараагийн үүрэг, чиглэлийг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүйг тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Дээр дурдсан байдалд Хууль зүйн яам, Хорих байгууллагуудыг удирдах газраас хийж буй дүгнэлт, Авдрантын хорих анги болон бусад хорих ангиудад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, харуул хамгаалалтын ажлыг сайжруулах, ажлын нөхцөл бололцоог бүрдүүлэх, гэм буруутай ажилтнуудад хариуцлага ногдуулах талаар авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр танилцуулсан арга хэмжээг Засгийн газар анхааралдаа авч, энэ ажлыг шуурхай зохион байгуулж, үр дүнг 1996 оны 6 дугаар сард танилцуулахыг Хууль зүйн сайд Н.Лувсанжавт даалгасугай.
2.Улсын иргэний хамгаалалтын газрын эзэмшилд байгаа тусгай зориулалтын барилга байгууламжид гяндан, хугацаагүй хорих тусгай салбарыг нүүлгэн шилжүүлсгэй.
Үүнтэй холбогдон шаардагдах хөрөнгийн тооцоо, судалгааг холбогдох байгууллагыг оролцуулан хийж, авах арга хэмжээний саналыг энэ оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын шадар сайд Ч.Пүрэвдорж, Хууль зүйн сайд Н.Лувсанжав, Сангийн сайд Э.Бямбажав нарт даалгасугай.
3.Авдрант дахь гяндангийн барилгад өргөтгөл хийх, онцгой, чанга дэглэмтэй хорих ангиудыг найдвартай холбооны хэрэгсэл, зарим машин техникээр хангах хойшлуулшгүй арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Хорих байгууллагуудыг удирдах газрын хөрөнгө оруулалтын зориулалтаар батлагдсан төсөвт хөрөнгийн дүнд багтаан зохицуулалт хийж гаргахыг Үндэсний хөгжлийн газар /Ч.Улаан/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д даалгасугай.
4. Цаашид хорих ангиудын харуул хамгаалалтын бүсийг хуульд заасны дагуу бүрэн байгуулах, шаардлагатай харилцаа холбоо, бие хамгаалах болон хяналтын тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг судалж шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүйн сайд Н.Лувсанжавт даалгасугай.
5.Хорих ангид үймээн гарах, хоригдол оргох тохиолдолд хорих болон цагдаагийн байгууллага, дотоодын цэрэг, орон нутгийн засаг захиргааны байгууллага тус тусын чиг үүргийнхээ дагуу харилцан ажиллах ажиллагааг нарийвчлан зохицуулж, хамтарсан сургалт зохион байгуулж байхыг Хууль зүйн сайд Н.Лувсанжав, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Пүрэвт даалгасугай.
6.Хорих байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар авах арга хэмжээний санал боловсруулж энэ оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Хууль зүйн сайд Н.Лувсанжавт даалгасугай.
7. Цаашид нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх шаардлагад нийцүүлэн хуулийн байгууллагуудын зохион байгуулалт, тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг Удирдлагын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Л.Энэбиш, хууль зүйн сайд Н.Лувсанжав нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ
Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ
Текст томруулах
A
A
A
