- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийг 2001 онд хувьчлах хөтөлбөр/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2001 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийг 2001 онд хувьчлах хөтөлбөр/
Дугаар 35
"Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалт, 33 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн 1.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Төрийн өмчийг 2001 онд хувьчлах хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү хөтөлбөрийг холбогдох хууль тогтоомж, "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн дагуу холбогдох яамдтай хамтран зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдоржид даалгасугай.
3. Засгийн газрын 1999 оны 159 дүгээр тогтоолоор батлагдсан "Нийтийн аж ахуй, үйлчилгээний салбарыг хувьчлах хөтөлбөр"-ийн дагуу 2001 онд хувьчлах ажлыг хугацаа алдалгүй зохион байгуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдорж, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4. Дуудлагын худалдааны аргаар хувьчлах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн худалдагдах үнийн дүнгийн 10 хүртэл хувьд хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан ягаан тасалбарыг төлбөрт тооцон авахыг Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдоржид зөвшөөрсүгэй.
5. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн "Хөрөнгө оруулалтын эрхийн бичгийн баталгаажуулсан ягаан тасалбарыг төлбөрт тооцох тухай" 57 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
