A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1994 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 78

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Хилийн хяналтын албадын ажлыг зохицуулах журам"-ыг энэ тогтоолын 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай./Засгийн газрын 2003 оны 20 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2.Хилийн худалдаа, бараа солилцоо хийх, хилээр нэвтрүүлэх бараа материалын чанарт хяналт тавих журам гаргаж мөрдүүлэхийн хамт хилийн боомтын үйл ажиллагаатай холбогдсон асуудлыг зохицуулан шийдвэрлэх үүрэг бүхий Хилийн боомтын асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөлийг 2 дугаар хавсралтад заасан бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулахаар тогтоосугай. /Засгийн газрын 1996 оны 238 дугаар тогтоолоор 2 дугаар хавсралт хүчингүй/

3.Хилийн боомтуудад эхний ээлжинд шаардлагатай барилга байгууламж, талбайг энэ онд багтаан байгуулж, хяналтын албадаас үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

4.Хилийн цэргийн холбоог сайжруулах үндсэн дээр хилийн болон гүний хяналтын байгууллагуудын хооронд мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, түүнчлэн экспорт, импортын бүтээгдэхүүнд чанарын болон эрүүл ахуйн сорилт туршилт хийх лабораториудын техник хэрэгслийг сайжруулах,хүч чадлыг нь нэмэгдүүлэх асуудлыг хамтран шийдвэрлэхийг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Хилийн цэргийг удирдах газар (П.СҮНДЭВ)-т даалгасугай.

5.Ачаа, зорчигч тээвэрлэх шаардлага хангасан тээврийн хэрэгслээр улс хооронд тээвэр гүйцэтгэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг сонгож шалгаруулан эрх олгож, тэдний үйл ажиллагаанд зохих хяналт тавьж ажиллахыг Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН), Хилийн цэргийг удирдах газар (П.СҮНДЭВ)-т даалгасугай.

6.Олон улсын болон өөрийн орны чанар, стандартын шаардлага хангаагүй, хүний эрүүл мэнд, байгаль орчин, амьтанд хортой нөлөө үзүүлэх химийн бодис, өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн импортоор оруулах, худалдаалахыг таслан зогсоох иж бүрэн арга хэмжээг хамтран авч хэрэгжүүлэхийг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Гаалийн ерөнхий газар (Г.СЭСЭЭР), Хилийн цэргийг удирдах газар (П.СҮНДЭВ)-т даалгасугай.

7.Импортоор авах бараа, бүтээгдэхүүн үндэсний стандартад тохироогүй буюу түүнийг тухайн орны экспортын барааны чанарын хяналтын албаар хянуулж холбогдох зөвшөөрөл, гэрчилгээ аваагүй, түүнчлэн гаалийн шалгалтаар согог гэмтэлтэй байж болзошгүй сэжиг илэрсэн бол гүний шалгалтад хамруулан зохих шинжилгээ хийлгэж, шинжилгэний дүгнэлт гарахаас өмнө хүлээн авагчид нь олгохгүй байхын дээр агуулахын хадгаламжийн хөлс, шинжилгээний болон бусад зардлыг тухайн барааг гэрээлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авч байхыг Гаалийн ерөнхий газар (Г.СЭСЭЭР)-т даалгасугай.

8.Харилцан нийлүүлэх барааны чанар, баталгаажуулалт, сорилтын талаархи асуудлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын холбогдох байгууллагатай хэлэлцээ хийх ажлын хэсгийг зохих мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулж дээрх орнуудтай санал тохиролцсон хэлэлцээрийн төслийг 1994 оны П улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ)-д даалгасугай.

9.Импортын бүтээгдэхүүний чанарт сорилт туршилт хийж шалгах гүний хяналтыг зохион байгуулж, улсын хилээр их хэмжээгээр оруулсан, чанар нь түргэн мууддаг болон чанарын талаар эргэлзээтэй, нотлох баримт бичиггүй бүтээгдэхүүнээс стандарт хэмжил зүй,эрүүл ахуйн болон мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн хяналтын байцаагчид үнэ төлбөргүйгээр дээж авч эрх бүхий улсын экспертиз лабораторид шинжилгээ сорилт хийлгэн дүгнэлт гаргуулсны дараа худалдан борлуулж байх журмыг 1994 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлэхээр тогтоосугай.

10.Улсын мал эмнэлэг, ургамлын хорио цээр, эрүүл ахуй, халдвар судлалын хилийн хяналтын албадын зардлын төсвийн санхүүжилтийг Улсын мал эмнэлгийн албаны ерөнхий газар, Ургамал хамгаалах хорио цээрийн улсын алба, Улсын эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газрын мэдэлд хуваарилж байхын хамт эрүүл ахуй, халдвар судлалын болон чанарын сорилт туршилтын лабораториудыг төв, орон нутагт буй болгохтой холбогдсон хөрөнгийн эх үүсвэрийг жил жилийн төсвийн төсөлд тусгаж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн яам (Ц.ӨӨЛД), Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Батлан хамгаалахын сайд Ш.ЖАДАМБАА

Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ