A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2000 оны 10 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /Хүүхдийн төлөө Үндэсний байгууллагын дүрэм/

Дугаар 157

Боловсролын тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, "Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулах үндэсний чадавхийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог улам боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Хүүхдийн төлөө Үндэсний байгууллагын дүрмийг 1 дүгээр хавсралт ёсоор, Хүүхдийн хөгжлийг дэмжих талаар ойрын жилүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны чиглэлд тусгагдсан асуудлыг шуурхай зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт, тэдгээрт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгаж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хөдөлмөр, хүмүүжил, сургалтын төвийн байрны уурын зуухыг шинээр барих, хөдөлмөр сургалт явуулахад шаардагдах тоног төхөөрөмж авахад зориулан 40,0 /дөчин/ сая төгрөгийг 2000 оны IҮ улиралд багтаан улсын төсвөөс санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

4. Хүүхдийн асуудлаар Монгол Улсад ажиллаж байгаа гадаадын иргэн, байгууллагуудад зөвшөөрөл өгөхдөө Хүүхдийн төлөө Үндэсний хороотой зөвшилцдөг журамтай болох асуудлыг судлан шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

5. Энэхүү тогтоол болон хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны чиглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг Засгийн газарт жил бүрийн 12 дугаар сард багтаан танилцуулж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН