A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАХ ТУХАЙ

2001 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 185

Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл, Төрийн өмчийг 2001 онд хувьчлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 33, 46-54 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Засгийн газрын 2001 оны 35 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2001 онд хувьчлах хөтөлбөр"-ийн 1 дүгээр хавсралтын 3 дахь мөрний "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн хувьчлах төрийн өмчийн хувийг "76" гэж өөрчилсүгэй.

2. "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 76 хувьд ногдох 1 520 000 ширхэг хувьцааг худалдах "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ"-г 1 дүгээр, "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. "Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 76 хувьд ногдох 1 520 000 ширхэг хувьцааг худалдах доод үнийг 12.226.000 /арван хоёр сая хоёр зуун хорин зургаан мянган/ ам.доллараар тогтоосугай.

4. Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд даалгах нь:

а/"Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 76 хувьд ногдох 1 520 000 ширхэг хувьцааг худалдах "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ"-г дотоод, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд шуурхай мэдээлж ажилласугай;

б/"Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 76 хувьд ногдох 1 520 000 ширхэг хувьцааг худалдах уралдаант шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам"-ын дагуу зохион байгуулж явуулсугай;

в/"Худалдаа хөгжлийн банк" ХХК-ийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 76 хувьд ногдох 1 520 000 ширхэг хувьцааг худалдах уралдаант шалгаруулалт /тендер/-д ялсан худалдан авагчтай "Уралдаант шалгаруулалтын журам"-д заасан болзол, нөхцөлийн талаар харилцан тохиролцож "Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ" байгуулахыг зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН