A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮН АМЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 106

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтын ёсоор баталж, тэдгээрийг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг холбогдох яам, улсын хороо, тусгай газар, орон нутгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.

2.Амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой бөгөөд бага насны олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, тахир дутуу болон мэргэжлээс шалтгаалах өвчтэй боловч хөдөлмөрлөх боломжтой иргэд, бүтэн өнчин хүүхэд, залуучууд, түүнчлэн өмч хувьчлалын явцад ажлаас халагдсан иргэдэд мэргэжил шинээр эзэмшүүлэх, давтан сургах, ажлын байр бий болгоход зориулж өмч хувьчлалын сангийн хөрөнгийн 30 хувийг "Ажил эрхлэлтэд туслах сан"-д 1992 оноос эхлэн жил бүр хуваарилж байхыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисст даалгасугай.

3.Газар тариалан эрхлэхийг хүссэн байгууллага, иргэдэд эдэлбэр газар олгох ажлыг эрчимжүүлж, ирэх жил тариалалт хийхэд нь шаардагдах жимс, хүнсний ногооны үр, суулгацыг гадаад, дотоодын зах зээлээс олж нийлүүлэх, тодорхой хугацаанд газар ашигласны төлбөрөөс чөлөөлөх зэрэг цогцолбор арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны хяналтын улсын хороо, аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад даалгасугай.

4.Хувиараа болон хоршиж үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдэд мэргэжил, хөдөлмөрийн дадлага олгох, түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэх, санхүү, тайлан бүртгэлийн зохих мэдлэг чадвар эзэмшүүлэх урт, богино хугацааны сургалтыг 1992/1993 оны хичээлийн жилээс эхлэн мэргэжлийн бүх шатны сургуулиудын дэргэд зохион байгуулахыг Боловсролын яам, аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад даалгасугай.

5.Хувийн хөдөлмөр эрхлэхийг хүссэн ажил, сургуульгүй иргэдийг судлан бүртгэж, тэдэнд мэргэжил дадлага, ур чадвар эзэмшүүлэхийн тулд боломжтой зарим мэргэжлээр 1992 оноос эхлэн гэрийн болон шавийн сургалт зохион байгуулах, сургалтыг чанартай явуулсан багшид зохих хөлс, урамшил олгох журам тогтоож мөрдүүлэхийг Хөдөлмөрийн яам, аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад даалгасугай.

6.Тэргүүн ээлжинд хөгжүүлэх салбар, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийг 5-аас доошгүй жилээр урьдчилан тодорхойлж, шаардагдах мэргэжлийн боловсон хүчин, мэргэжилтэй ажилчдын хэрэгцээ, хангамжийг тооцох, сургаж бэлтгэх нэгдсэн аргачлалыг 1992 онд багтаан боловсруулж мөрдүүлэхийг Үндэсний хөгжлийн яам, Хөдөлмөрийн яам, Боловсролын яаманд даалгасугай.

7.Иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд зориулан хөдөлмөрийн байгууллагын захиалгаар гадаадын зах зээлээс олж нийлүүлж байгаа ажлыг үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, материал, түүхий эдийг Худалдаа, үйлдвэрийн яам, Сангийн яам, Хөдөлмөрийн яамнаас хамтран баталсан жагсаалтын дагуу гаалийн татвараас чөлөөлж байхыг Улсын гаалийн ерөнхий газарт даалгасугай. /Засгийн газрын 1992 оны 48 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./)

8.Хүн ам, хөдөлмөрийн нөөц, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны захиалгын шуурхай мэдээллийн систем тогтоох асуудлыг энэ онд багтаан боловсруулж шийдвэрлэхийг Хөдөлмөрийн яам, Улсын статистикийн газарт даалгасугай.

9.Гэр ахуйн болон хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уламжлалт арга, хувийн хашаа, орон байрандаа үйлдвэрлэл, үйлчилгээ зохион байгуулан үр дүнд хүрч байгаа өрх, иргэдийн туршлагыг мэдээллийн хэрэгслээр сурталчилж тусгай нэвтрүүлэг, цуврал хичээл явуулж байхыг Монголын радио, телевизэд үүрэг болгосугай.