- Нүүр
- Монгол Улсын хууль
- УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь ус цаг уур, орчны мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль тогтоомж
2.1.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."Ус цаг уур, орчны хяналт шинжилгээ" гэж тогтоосон хөтөлбөрийн дагуу хийн мандал, усан мандал, чулуут мандал, шим мандлын байгалийн төлөв байдлын үзүүлэлтүүдийг хэмжин тодорхойлж дүн шинжилгээ хийсний үндсэн дээр зохих шийдэл гаргах үйл ажиллагааг;
3.1.2."Уур амьсгалын нөөц" гэж нарны цацраг, хур тунадас, агаар, хөрсний чийг, дулаан хангамж, усны хүрэлцээ, салхи, усны эрчим зэрэг хүний амьдралын хэрэгцээг хангахад ашиглаж болох байгалийн чадавхийг;
3.1.3."Урьдчилсан мэдээ" гэж ус цаг уур, орчны төлөв байдлыг хэдэн цаг, хоног, сар, улирлын өмнө шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан тодорхойлж гаргасан мэдээг;
3.1.4."Урьдчилан сэргийлэх мэдээ" гэж ус цаг уурын үзэгдэл, орчны бохирдол, цацраг идэвхжилт зэрэг нь хүн ам, байгаль орчин, эдийн засагт ихээхэн хохирол учруулах хэмжээнд хүрч болзошгүй тухай урьдчилан тодорхойлж гаргасан мэдээг;
3.1.5."Нийтийн хэрэгцээний мэдээ" гэж хүн амын өргөн хэрэгцээнд зориулан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээн зарлаж байгаа ус цаг уур, орчны мэдээг;
3.1.6."Тусгай хэрэгцээний мэдээ" гэж хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тодорхой салбарын онцлогийг харгалзсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар гаргаж байгаа ус цаг уур, орчны мэдээг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ, ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
4 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх
4.1.Засгийн газар нь ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1.ус цаг уур, орчны мэдээлэл, уур амьсгалын нөөцийг нийгэм, эдийн засгийн хөгжилд бүрэн дүүрэн ашиглах нөхцөлийг хангах;
4.1.2. ус цаг уур, орчны мэдээллийг ашиглах, аюул болон орчны ноцтой бохирдлоос сэргийлэх тогтолцоог бүрдүүлэх;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
5 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
5.1.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь / цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.1.1.ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаархи төрийн бодлого боловсруулж хэрэгжилтэд хяналт тавих;
5.1.2.ус цаг уур, орчны мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, хэрэглэгчид мэдээлэх улсын сүлжээг зохион байгуулан түүний хөтөлбөрийг батлах;
5.1.3.тусгай хэрэгцээний мэдээний нэр төрөл, үйлчилгээний үнэ тарифийг батлах, урьдчилан сэргийлэх мэдээ болон нийтийн хэрэгцээний мэдээг радио, телевиз, мэдээллийн бусад хэрэгслээр дамжуулах, түгээх журмыг холбогдох байгууллагатай хамтран тогтоох;
5.1.4.цаг агаарын төлөв байдал, ус цаг уурын үзэгдэлд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд хяналт тавих.
6 дугаар зүйл.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
6.1.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь /цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх/ ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, сүлжээний нэгжийг байгуулах, татан буулгах, шилжүүлэх;
6.1.2. ус цаг уур, орчны мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шуурхай үйлчлэх, аюулт үзэгдэл, гамшиг, орчны бохирдлоос сэрэмжлүүлэх арга хэмжээ авах;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.1.3.ус цаг уур, орчны хяналт шинжилгээний хэмжлийн нэгдмэл байдал, мэдээллийн стандартчиллыг хангах;
6.1.4.шаардлагатай тохиолдолд цаг агаарын төлөв байдал, цаг уурын үзэгдэлд нөлөөлөх ажиллагаа явуулах;
6.1.5.ус цаг уур, орчны шинжилгээний мэдээллийг цуглуулах, солилцоонд гаргахад олон улсын мэдээллийн суваг ашиглах асуудлыг зохицуулах, Дэлхийн цаг уурын байгууллагын конвенцийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэх;
6.1.6.ус цаг уур, орчны төлөв байдлын талаар мэргэжлийн дүгнэлт гаргах;
6.1.7.ус цаг уур, орчны хяналт шинжилгээнд дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилтын ажлыг зохицуулах.
6.2.Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг тухайн шатны Засаг даргатай нь зөвшилцөн мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.2.Аймаг, нийслэлийн ус цаг уур, орчны шинжилгээний төв болон лаборатори, хүрээлэнгийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж, тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн харьяалах төв, лаборатори, хүрээлэнгийн дарга томилж, чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
7 дугаар зүйл.Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын эрх, үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаар дараахь эрх, үүрэгтэй:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.1.1.ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаархи хууль тогтоомж, Засгийн газар, бусад эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангах;
7.1.2.нутаг дэвсгэрийнхээ ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж, үйл ажиллагааны нэгдмэл дэг журмыг мөрдүүлэх;
7.1.3. ус цаг уур, орчны мэдээллээр нутаг дэвсгэрийнхээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шуурхай хангах, аюул болон орчны ноцтой бохирдлоос сэргийлэх ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.4. нутаг дэвсгэртээ аюулт үзэгдэл, гамшгийн хохирлыг тооцож, хохирлоос урьдчилан сэргийлэх журамд тодотгол хийж байх, учирсан хохирлын талаар төрийн захиргааны байгууллагад шуурхай мэдээлэх;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.5./Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
7.2.Баг, хорооны Засаг дарга ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талаар дараахь эрх, үүрэгтэй:
7.2.1.энэ хуулийн 7.1.3-т заасан бүрэн эрхийг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх;
7.2.2. аюулт үзэгдэл, гамшгийн хохирлыг тооцож сум, дүүргийн Засаг даргад шуурхай мэдээлэх;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.2.3.нутаг дэвсгэрийнхээ ус цаг уур, орчны хяналт шинжилгээний талбай, тоног төхөөрөмжийг хамгаалах арга хэмжээ авах.
8 дугаар зүйл.Тусгай хэрэгцээний мэдээллээр хангах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эрхлэх
8.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч тусгай хэрэгцээний мэдээлэл гаргах үйлчилгээ эрхэлж болно.
8.2.Зөвшөөрлийг дараахь нөхцөлд олгоно:
8.2.1.ус цаг уур, орчны хяналт шинжилгээний мэдээг цуглуулах, боловсруулах, нэгтгэн дүгнэх тогтолцоог бүрдүүлсэн, эсхүл төв, орон нутгийн ус цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас хангагдахаар гэрээ байгуулсан байх;
8.2.2.мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байх.
8.З.Зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, эсхүл хэрэглэгчээс гарсан гомдол үндэслэлтэй болох нь тогтоогдвол зөвшөөрлийг хүчингүй болгож болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ
9 дугаар зүйл.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ
9.1.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ /цаашид "улсын сүлжээ" гэх/ нь нэгдмэл арга зүй, хөтөлбөрөөр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажил гүйцэтгэх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус цаг уур, орчны мэдээллээр хангах үүрэг бүхий байнгын тасралтгүй ажиллагаатай өртөө, харуул, хүрээлэн, төв, лаборатори зэргээс бүрдэнэ.
9.2.Улсын сүлжээний өртөө, харуулын байршил, нягтралыг үнэн зөв мэдээ гаргах шалгуурыг харгалзан, олон улсын жишигт нийцүүлэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтооно.
9.3.Улсын сүлжээний өртөө, харуул нь төрийн өмч байна.
9.4.Улсын сүлжээний өртөө харуулыг байгуулах, төхөөрөмжлөх, татан буулгах, багаж хэрэгслээр хангах зардал болон ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
9.5.Аж ахуйн тодорхой хэрэгцээ, эрдэм шинжилгээний болон бусад байгууллагын захиалгын дагуу шинжилгээний өртөө, харуул байгуулах шаардлага гарвал түүнийг байгуулах, ажиллуулах асуудлыг төрийн захиргааны байгууллага нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн шийдвэрлэнэ.
9.6.Улсын сүлжээний өртөө, харуулыг төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр татан буулгах, нүүлгэн шилжүүлэхийг хориглоно.
10 дугаар зүйл.Ус цаг уур, орчны шинжилгээ
10.1.Улсын сүлжээний өртөө, харуулуудад ус цаг уур, орчны шинжилгээг нэгдмэл арга зүй, хөтөлбөрийг баримтлан тусгайлан сонгож авсан талбай дээр тогтоосон хугацаанд мэргэжлийн ажилтан гүйцэтгэнэ.
10.2.Өртөө, харуулд хийсэн шинжилгээний дүнг төрийн захиргааны байгууллагаас тогтоосон хяналтын хугацаанд дамжуулна.
10.3.Эрдэм шинжилгээ, сургалтын зорилгоор түр хугацаагаар ажиллуулах шинжилгээний өртөө, харуулд энэ хуулийн 10.1, 10.2-т заасан нь хамаарахгүй.
10.4.Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар ус цаг уур, орчны шинжилгээний ажлыг гэрээгээр хийлгэж болно.
10.5.Монгол Улсын иргэний агаарын тээврийн хөлгийн баг нислэгийн үед нислэгийн замын дагуух цаг уурын байдлыг тодорхойлж ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагад дамжуулна.
10.6.Агаарын хөлгөөс цаг уурын мэдээ дамжуулах журмыг төрийн захиргааны байгууллага, иргэний агаарын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран тогтооно.
11 дүгээр зүйл.Шинжилгээний талбай
11.1.Ус цаг уур, орчны шинжилгээ хийхэд зориулсан талбай нь тусгайлан сонгон авч төхөөрөмжилсөн, хашаалсан буюу өөр бусад байдлаар тэмдэглэж заагласан байна.
11.2.Шинжилгээний талбайн орчноо төлөөлөх чадварыг хадгалах зорилгоор уг талбайн байршлыг суурин газрын хэтийн төлөвлөгөөнд тусгасан байна.
11.3.Шинжилгээний талбайгаас гадагш 100 метрийн дотор хамгаалалтын бүс тогтоож, уг бүсэд хэмжилт, шинжилгээ хийхэд саад учруулахуйц барилга барих, мод тарих, зам гаргах зэрэг үйл ажиллагааг хязгаарлана.
11.4.Шинжилгээний талбайд зориулалтын бус багаж төхөөрөмж, бусад зүйл байрлуулахыг хориглоно.
11.5.Шинжилгээний талбайд хүрэх зам нь газар эзэмшигч, ашиглагчийн мэдлийн газраар хаагдаж байвал шинжилгээний талбайд нэвтрэх асуудлыг Газрын тухай хуулиар зохицуулна.
11.6.Суурин газрын бичил уур амьсгал, орчны шинжилгээний ажилд энэ хуулийн 11.3-т заасан нь хамаарахгүй.
11.7.Шинжилгээний талбайн эзэмшлийн асуудлыг Газрын тухай хуулиар зохицуулна.
12 дугаар зүйл.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах
12.1.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээнд стандарт, техникийн шаардлага хангасан хэмжих хэрэгсэл, шинжилгээний арга ашиглана.
12.2.Ус цаг уур, орчны хяналт шинжилгээнд ашиглах хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын ажлыг зохих журмын дагуу эрх авсан мэргэжлийн байгууллага гүйцэтгэж баталгаажуулна.
12.3.Баталгаажуулаагүй хэмжих хэрэгслээр хийсэн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний дүнг албан ёсны мэдээлэлд ашиглахыг хориглоно.
12.4. Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний ажил, ус цаг уур, орчны мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах, аюулт үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээний хангалт, ашиглалтын талаар дагаж мөрдүүлэхээр гаргасан хууль тогтоомж, журам, зааврын биелэлтэд улсын байцаагч хяналт тавина.
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
УС ЦАГ УУР, ОРЧНЫ МЭДЭЭЛЭЛ
13 дугаар зүйл.Ус цаг уур, орчны мэдээлэл дамжуулах
13.1.Улсын сүлжээний өртөө, харуулын мэдээг харилцаа холбооны байгууллага хяналтын хугацаанд саадгүй дамжуулна.
13.2.Улсын сүлжээний өртөө, харуулын мэдээг нэгтгэж олон улсын цаг уурын харилцаа холбооны сүлжээнд оруулах, уг сүлжээнээс Монгол Улсад шаардагдах мэдээллийг хүлээн авахад дотоодын болон олон улсын холбооны суваг ашиглана. Уг сувгаар газар хөдлөл, химийн болон цөмийн осол, иргэний агаарын тээврийн нислэгт зориулсан цаг уурын мэдээ зэрэг бусад шуурхай мэдээг дамжуулж болно.
13.3. Иргэд хүн ам, байгаль орчинд ноцтой нөлөөлөх аюулт үзэгдэл, гамшиг тохиолдсон буюу тохиолдох нөхцөл бүрдсэн тухай ус цаг уур, орчны шинжилгээний аль ч байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй. Ийнхүү мэдээлэхтэй холбогдсон зардлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон үнэлгээний дагуу иргэнд нөхөн олгож болно.
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
13.4. Аюулт үзэгдэл, гамшгийн тухай мэдээллийг харилцаа холбооны бүх төрлийн хэрэгслээр өмчийн ялгаа харгалзахгүйгээр эхний ээлжинд шуурхай дамжуулна.
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14 дүгээр зүйл.Ус цаг уур, орчны мэдээллийн архив, сан
14.1. Ус цаг уур, орчны мэдээллийн архив нь төрөлжсөн архив байна.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.2. Ус цаг уур, орчны шинжилгээний мэдээ баримтыг архивт шилжүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх журмыг архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид заасны дагуу тогтооно.
/Энэ хэсэгт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15 дугаар зүйл.Ус цаг уур, орчны мэдээллээр хэрэглэгчийг хангах
15.1. Урьдчилсан мэдээ, аюулт үзэгдэл, гамшгийн тухай урьдчилан сэргийлэх мэдээг аймаг, бүс нутаг, улс орны хэмжээнд нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.2.Урьдчилан сэргийлэх мэдээг радио, телевиз болон мэдээллийн бусад хэрэгслээр түүнийг хүлээн авснаас хойш 15 минутын дотор тусгай дуут болон дүрсийн дохиотойгоор нийтэд үнэ төлбөргүйгээр шуурхай мэдээлнэ.
15.3.Тусгай хэрэгцээний мэдээг тухайн хэрэглэгчийн шаардлагын дагуу уг хэрэглэгчтэй хийсэн гэрээний дагуу гаргаж өгнө.
15.4.Даатгалын байгууллагаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад даатгалын төлбөр олгохдоо тухайн үеийн ус цаг уур, орчны нөхцөл байдлын тухай ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагаас гаргасан тодорхойлолтыг үндэслэн олгоно.
15.5.Зураг төслийн болон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажилд зөвхөн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний мэргэжлийн байгууллагаас тогтоосон журмын дагуу шалгаж баталгаажуулсан мэдээллийг ашиглана.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
16.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
16.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх
Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь улсын байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо ерөнхий байцаагчид гаргана. Ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл маргааныг шүүх шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
