- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Атрын III аян)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 12
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Атрын III аян)
"Атрын гурав дахь аян" тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрийн үр дүн, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Дор дурдсан асуудлаар холбогдох хуулийн төсөл боловсруулж 2009 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт даалгасугай:
а) Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь, Төв, Булган, Орхон, Хөвсгөл, Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хослон хөгжүүлэх бүс нутаг болгох;
б) газар тариалангийн зориулалттай импортын техник, тоног төхөөрөмж, үр, бордоо, ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтийг технологийн хугацаанд нь багтаан хангахтай холбоотой зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тусгах;
в) үр тариа, төмс, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлж дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ хангах зорилгоор импортын гурил, буудай, төмс, хүнсний ногооны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээг улирлын ялгавартай тогтоох эрхийг Засгийн газарт олгох.
2. Үр, бордоо, өндөр хүч чадлын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн бодлогыг газар тариалангийн салбарт хэрэгжүүлэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээл, тусламж авах, санхүүгийн түрээс (лизинг)-ийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу ашиглах замаар шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Гадаад харилцааны сайд С.Батболд нарт даалгасугай.
3. Дор дурдсан үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Гадаад харилцааны сайд С.Батболд нарт үүрэг болгосугай:
а) Оросын Холбооны Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс зэрэг газар тариалан өндөр хөгжсөн орнуудад тариалангийн салбарын 30 хүртэл менежер, мэргэжилтэнг жил бүр сургаж, зардлыг нь аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгөөр болон холбогдох төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцаас санхүүжүүлэх;
б) мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, материаллаг баазыг нь бэхжүүлэх замаар механикжуулагч, ногоочдыг сургах, давтан сургах;
в) хувиараа болон өрхийн, эсхүл нөхөрлөл, хоршооны хэлбэрээр газар тариалангийн аж ахуй эрхлэх, үйлдвэрлэлээ өргөтгөж ажлын байр шинээр нэмэгдүүлэхэд зориулан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зохих хууль тогтоомж, журмын дагуу дэмжлэг үзүүлэх;
4. Дор дурдсан арга хэмжээг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай:
а) Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудад усалгаатай үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмж, үр, бордоо, ургамал хамгааллын бодисын хүрэлцээ, хангамжийг сайжруулах замаар хурааж авах ургацын хэмжээг өсгөж аймаг болон бүс нутгийн дотоодын хэрэгцээг хангах нөхцөлийг бүрдүүлэх;
б) Улаанбаатар хот болон хүн ам төвлөрсөн томоохон хот, суурин газруудад төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хамгаалагдсан хөрсний эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх, агуулах болон зоорийн аж ахуй байгуулах, борлуулалтын сүлжээ бий болгох;
в) тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэн мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйн нэгжүүдийг хот, суурин газрын бүсэд шинээр байгуулах замаар хүн амын мах, сүүний хангамжийг сайжруулах.
5. Хүнсний буудайн стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор жил бүр 120.0-150.0 мянган тонн хүнсний буудай худалдан авах, тариалангийн бүсүүдэд байгаа элеватор, агуулахыг засварлаж бэлэн болгох, шинээр элеватор барих асуудлыг судалж үе шаттайгаар шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт нарт үүрэг болгосугай.
6. Тариалангийн газрын ашиглалтыг сайжруулах, хөрсний үржил шимийг хамгаалах цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт даалгасугай.
7. Энэхүү тогтоолын биелэлтийг жил бүрийн 12 дугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
Текст томруулах
A
A
A
