A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХҮҮХЭД БҮРТ МӨНГӨ ОЛГОХ ТУХАЙ

2007 оны 2 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 43

Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 8.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхдийн ирээдүйд хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсыг хөгжүүлэх сангаас хүүхэд бүрт олгох мөнгийг тэтгэмжийн дэвтэр болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр тухайн хүүхдийн нэр дээр нээсэн банкин дахь мөнгөн хадгаламжийн дансаар дамжуулан улирал бүр хуваарилан олгож байхаар тогтоосугай.

2. Энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн 4.1-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр авч байгаа хүүхдээс нэмэлт бичиг баримт шаардахгүйгээр нэрсийн жагсаалтыг үндэслэн тухайн хүүхдийн нэр дээр нээлгэсэн мөнгөн хадгаламжийн дансанд мөнгийг нь шилжүүлж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл нарт даалгасугай.

3. Мөнгө авах хүсэлтээ шинээр гаргасан болон 18 нас хүрсэн хүүхдийн мөнгийг тухайн улирлын хуанлийн өдрөөр тооцон олгож байсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын Шадар сайд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
М.ЭНХБОЛД М.ЭНХСАЙХАН Д.ДЭМБЭРЭЛ