- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Багийн хөгжлийг дэмжих)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 7
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Багийн хөгжлийг дэмжих)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засаг захиргааны анхан шатны нэгж "Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Хөтөлбөрийн хүрээнд 2008-2010 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, хүрэх үр дүн болон шаардагдах зардлын төсвийн төслийг холбогдох яам, аймгуудад хүргүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболдод даалгаж, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Багт ажиллах хүний эмч, түүний унаа, эмнэлгийн багаж хэрэгслийн норматив, Багийн сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын болон сургууль завсардсан хүүхдэд бичиг үсгийн боловсрол олгох журам, багт байгаль орчныг хамгаалах үйлчилгээ, байгаль хамгаалагч ажиллуулах нормативыг орон нутгийн онцлогт тохируулан баталж мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба нарт даалгасугай.
5. Багийн бүтэц, зохион байгуулалт, ажлын албыг хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, орон нутгийн онцлогтой нь уялдуулан ялгавартай тогтоох зарчмыг баримтлан холбогдох санал боловсруулж, 2008 оны I улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Энхболдод даалгасугай.
6. "Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр"-ийг орон нутгийнхаа онцлогт тохируулан боловсруулж, хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт, орон нутгийнхаа нөхцөлд тохирсон жишиг багийг сум болгонд 2008 онд багтаан бий болгож, багаа ээлж дараатай тохижуулах арга хэмжээ авахыг аймаг, сумын Засаг дарга нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
