- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУВИАРАА АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙГАА ИРГЭДИЙН үЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 28
Улаанбаатар хот
ХУВИАРАА АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙГАА ИРГЭДИЙН үЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хувиараа ашигт малтмал олборлож байгаа зарим иргэдийн алтны үндсэн ордын хүдрийг баяжуулах үйл ажиллагааг 3-4 газарт туршилтын хэлбэрээр төвлөрүүлэн зохион байгуулах, шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг судалж хэрэгжүүлэх арга хэмжээ авч, шаардлагатай бол асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд үүрэг болгосугай.
2. Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийн бүртгэлийг зохион байгуулж, хамтран ажиллах гэрээтэй ажиллуулах, олборлосон бүтээгдэхүүний тоо хэмжээг бодитойгоор тооцох, зохион байгуулалттай худалдан авах арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү нарт даалгасугай.
3. Хувиараа ашигт малтмал олборлож байгаа иргэдийг нийгмийн даатгал, эмнэлгийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийг нь сургах талаар санал боловсруулж хэрэгжүүлэх, нийгмийн хэв журмыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй хүүхэд хувиараа ашигт малтмал олборлож байгаа явдлыг хориглож эрүүл амьдрахын ач холбогдлыг сурталчлан ойлгуулах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Эрүүл мэндийн сайд Б.Батсэрээдэнэ, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
5. Иргэд хувиараа ашигт малтмал олборлож байгааг зохицуулах чиглэлээр журам болон дэд хөтөлбөрийн төсөл боловсруулж Засгийн газарт 2008 оны 3 дугаар сарын 1-ний дотор оруулахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Х.НАРАНХҮҮ
Текст томруулах
A
A
A
